ГЭГЭЭН БАЙХСАН...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-06 01:05

Сэтгүүлчийн үг

Оюутан ахуйн нэг найз минь цахим хаягаа бараг ашигладаггүй. Гэвч хааяа нэг оруулдаг бичвэр, зураг, сэтгэгдэл нь бусдыг соронз мэт татдаг нь анзаарагддаг. Хаанаас нь хэрхэн, яаж ундраад байна вэ гэмээр гэгээн бүхэн түүнээс цацардаг юм. Уржигдархан тэрбээр золбин гөлөг олоод гэртээ аваачихаж. Мэдээж угааж арчсан юм байлгүй, охинтойгоо нийлээд эрхлүүлж буй бичлэгээ фэйсбүүктээ байршуулжээ. Гөлгөө дээш харуулаад гэдсийг нь илж харагдав. Харваас охин гөлөг ажээ. Дээшээ харж тарвалзаад илж, таалуулахдаа хачин дуртай байгаа бололтой, тэр нялх амьтан. Найзын охинд ч шинэхэн найз нь таалагдаж буй маягтай ход ход инээгээд илж, үнсээд л. Гөлөгнийхөө урд хоёр хөлийг барьж “Сайн уу, сайн уу” хэмээн мэндчилж, тоглож байлаа. Тэр бичлэгийн доор “Яасан хөөрхөн хоёр вэ”, “Сайн үйлс хийжээ. Миний найз ч угаасаа сайхан сэтгэлтэй л дээ”, “Наад гөлгөө, амьтны эмчид сайн үзүүлээрэй” хэмээн өхөөрдсөн, сайшаасан, зөвлөсөн сэтгэгдэл олон байв. Харин нэг эмэгтэй онцгой зэвүүцмээр, бүр жихүүдэс хүрмээр сэтгэгдэл бичжээ. Тэр “Юун золбин нохой олоод гэртээ авчирсан юм бэ. Удахгүй том нохой болоод хүүхдийг чинь урж, тасдаж иднэ дээ” гээд биччихсэн байв. Хаанаас нь гардаг хар сэтгэл юм бол оо гэж гайхаш төрлөө. Бяцхан охин, нялх гөлөг хараад өхөөрддөггүй юм гэхэд ингэж бичихгүй байж болоогүй хэрэг үү. Азаар цөөнгүй хүн тэр сэтгэгдлийн доор ууртай эможи даржээ. Зарим нь “Чи хүүхдийн хөөрхөн бичлэг доор ийм муухай зүйл бичих гэж” хэмээн дургуйцлээ илт илэрхийлсэн байв.
Бой нь арилсан хүүхэд нэг хөөрхөн, борви нь тэнийсэн гөлөг нэг хөөрхөн, босоо төрсөн унага нэг хөөрхөн гэж монголчууд ертөнцийн гурван хөөрхнийг тодорхойлсон. Угаас бид ихэнх амьтны үр төлийг өрөвдөж, энхрийлж ирснээс бус, элдвээр хэлж, цэрвэдэггүй билээ.
Цахим орчинд “аялж” байхад аливаа зүйлд талархаж, баярлаж мэдэхгүй хүн олон болсныг анзаарав. Хэн нэг нь гараа гарган сайхан хоол хийж, бусдыг сурч мэдэг гээд жорыг нь дэлгэрэнгүй бичихээр доор нь “Энэ хүн багадаа масло, сахартай талхаа бариад гадаа иддэг байсан байх” гэж бичсэн нь эвгүй. “Жорын дагуу туршина аа”, “Амттай харагдаж байна” хэмээн бичдэггүй юм гэхэд таагүй сэтгэгдэл үлдээхээ түр азнаж болохгүй гэж үү.
Хөдөө сумд очсон залуу “Бага насаа дурсах сайхан байв. Хүүхдэдээ морь унуулж сургалаа. Гийнгоон дуутай гэгээн дурсамж сэргээд сайхан байна” гэх бичвэр оруулахаар “Тэнэг, эргүү мал чинь хүүхэд унагаж аллаа” хэмээн харааж, зүхсэн сөрөг сэтгэгдэл оруулах нь энүүхэнд болжээ. Монгол бэлгэдлээрээ ерөөж гийгүүлдэггүй юм гэхэд “Болгоомжтой байгаарай, сэрэмж илүүдэхгүй шүү” гэх ганц өгүүлбэр бичих нь харааж, гутааснаас илүү дээр байлтай.
Ерөөс бид нэгнээ дэмжих, урмын сайхан үг хэлэх, талархах, баярлах сэтгэлээ гээчихсэн юм биш үү. Товчхондоо, гэгээн, гэгээлэг сайхнаар бие биенээ ерөөж чадахаа байж. Сайн сайхан бүхнийг аль болох өөлж, нэрээ нуугаад шүлсээ үсчүүлэх болжээ. Цахим орчинд бичсэн болгоныг даган шуураад байдаггүй ч сүүлийн үед ийм нэг сэтгэгдэл төрснөө нуухгүй байж чадсангүй. Уг нь амны бэлгээс ашдын бэлгэ гэдэггүй сэн бил үү, монголчууд.

 


Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-06 01:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?