О. АМАРТҮВШИН: 500 КОМПАНИ НИЙТ 8000 ХҮНИЙГ ЦОМХОТГОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-03 00:08

Сэтгүүлчийн үг

МҮХАҮТ жил бүрийн гурван сард бизнесийн итгэлийн индексийн судалгаа хийдэг. Энэ удаагийн судалгаанд 1800 компани оролцжээ.  Вирус ажлын байранд хэрхэн нөлөөлж байна вэ, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээ хэрхэн нөлөөлж байна вэ, гэсэн судалгаанд нийт 1500 компани оролцсон агаад судалгаанаас вирус нөлөөлөөгүй салбар байхгүй болохнь илэрчээ. 

Тодруулбал, гуравдугаар сарын 3-23-ны хооронд хйисэн судалгаагаар компаниудын 67,4 хувьд нь маш их хэмжээгээр нөлөөлөл үзүүлсэн бол 22 хувьд нь нэлээд хүчтэй нөлөө үзүүлсэн гэх дүн гарсан байна. Харин хамгийн их нөлөөлсөн салбараар аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээ, худалдааны салбаруудыг тодорчээ. Салбаруудаар задалж үзвэл аялал жуулчлалын салбарын 90 хувьд маш хүчтэй нөлөөлөл үзүүлж байгаа юм байна. Дашрамд дуулгахад, аялал жуулчлалын салбар Монголын нийт эдийн засагт 1.6 их наядын орлого оруулдаг аж.

Түүнчлэн судалгаанд хамрагдсан 1500 компаниас 33 хувь нь ажилтнуудаа ямар нэгэн байдлаар цомхотгосон, тоог нь бууруулсан гэж хариулжээ. Мөн гуравдугаар сарын 23-ны байдлаар нийт 6000 гаруй хүн цомхотголд өртсөн байна. Одоогоор эрчим хүч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт ямар нэгэн нөлөөлөл байхгүй ч хамгийн их нөлөөлсөн нь зочид буудал, нийтийн хоол, аялал жуулчлал, банк санхүү, нийтийн хоолны салбар байна. 

Нийт судалгаанд оролцогчдын 46 хувь нь хүмүүсээ богиносгосон цагаар, 35 хувь нь зайнаас ажиллуулж байгаа бол 28 хувь нь зун, намартаа өгдөг ээлжийн амралтаа 2, 3 дугаар сард өгчихсөн байгаа гэж хариулжээ. Ер нь ажлын байр хадгалахад тулгарч буй гол асуудал нь орлого буурсан явдал болохыг тустөвийн ерөнхийлөгч О.Амартүвшин тодотгосон. Тэрбээр "Судалгаанд оролцогчдын 65 хувь нь орлого буурсан, 42 хувийнх нь үйл ажиллагаа зогссон, мөн доголдсон, 30 хувь нь ямар нэг байдлаар тогтмол зардлаа бууруулахын тулд ажлын байраа цомхотгосон" гэж хариулжээ.

Мөн судалгаанд оролцсон компаниудын 30 хувь байдал энэ хэвээрээ үргэлжилвэл цомхотгол хийнэ гэж хариулжээ. 1500 компани нийт 8000 хүнийг цомхотгохоор төлөвлөж байгаа аж. Судалгаанд хамрагдаагүй бусад салбаруудыг оруулбал энэ тоо нэмэгдэх нь. Хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа ноос ноолуурын салбарын 50 хувь нь ажлын байрандаа цомхотгол хийнэ гэжээ.

Түүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудын үйл ажиллагаа үндсэндээ зогссон байна. Судалгаанаас харахад хамгийн их ажлын байр шингээдэг салбарууд хамгийн түрүүнд цомхотгол хийж байгаа аж. Өрх толгойлсон, нийгмийн тодорхой эмзэг хэсэг илүү их цомхотголд өртөж буй тул Засгийн газар анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага тулгарч буйг тэрбээр онцолсон.

Тэр ч утгаараа компаниуд ажлын байрыг хадгалахад шаардлагатай нэн хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр буюу хөнгөлөлттэй зээл олгооч ээ гэсэн хүсэлт тавьжээ. Учир нь энэ хэсэг өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлгүй хаягдаад байгааг О.Амартүвшин ерөнхийлөгч онцолсон. Мөн хамгийн түрүүнд эрсдэлд орсон аялал жуулчлалын салбар 640 зочид буудал 410 жуулчны бааз, 300 тур оператор, нийт 318 мянган ажлын байр шингээдэг байна. Энэ салбар 2020 онд бүхэлдээ тэг зогсолт хийх аж. Жуулчид гаднаас ирэхгүй нь. Нийт 1.6 их наядын орлогыг улсын төсөвт, нийслэлийн төсөвт 470 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг энэ салбарт анхаарал хандуулахгүй бол Монгол Улсын хэмжээнд сая орчим хүн ажил хөдөлмөр эрхэлдэг гэж үзвэл түүний 13 орчим хувьтай тэмцэх хэмжээний хүн ажилгүйдлийн эгнээнд шилжихийг анхааралдаа авахыг хүсэв.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-03 00:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?