ӨНӨӨДӨР ИНЭЭДМИЙН БАЯРЫН ӨДӨР

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-01 01:15

Сэтгүүлчийн үг

Дөрөвдүгээр сарын 1-нд дэлхий даяар тэмдэглэдэг Инээдмийн баярыг Тэнэгүүдийн өдөр гэх нь бий. Хүн төрөлхтний хамгийн хөгжилтэй баяруудын нэг энэ өдөр хүмүүс бие биеэрээ даажигнан, тоглоом шоглоом хийдэг уламжлал тогтоод олон жил болжээ. “Чиний нуруу цагаан болчихож” гэх мэтийн хошигнол хамгийн энгийн атлаа итгэл төрүүлэм байдаг. Тэгвэл чухам яагаад дөрөвдүгээр сарын 1-нд энэхүү баярыг тэмдэглэдэг болсныг сонирхъё.

Ризусийн бурхныг магтах нь

Хамгийн өргөн тархсан домогт инээдмийн баяр эртний Ромоос гаралтай гэлцдэг. Эртний Ромын эзэнт гүрний үед жил бүр Тэнэгүүдийн өдрийг тэмдэглэдэг байжээ. Инээдмийн бурхан Ризуст баяр баяслыг мэдрүүлэхийн тулд хүмүүс янз бүрийн тоглоом, хошигнол зохиож баясдаг байсан бөгөөд учрыг нь мэдэхгүй харийн элч, төлөөлөгчдөд энэ нь нэн хачирхалтай санагддаг байжээ. Ромын зохиолч Апулей “Бид энэ өдөр инээдмийг магтан дуулдаг. Дэлхийн бүх ард түмний дундаас баяр баясал, инээд хошигнолоор Бурхнаа баярлуулдаг цорын ганц ард түмэн нь бид” хэмээх тэмдэглэн үлдээсэн байдаг ажээ.

Хаврын өдөр шөнийн тэнцэл

Инээдмийн өдөр Эртний Ромын эзэнт гүрэн бүү хэл, улс орон гэдэг ойлголт бий болохоос ч хамаагүй эрт бий болсон гэх нэг хувилбар бий. Эрт дээр үед хамгийн чухал тэмдэглэлт үйл явдлын нэг нь хаврын өдөр шөнийн тэнцэл байсан гэдэг. Хахир хүйтэн өвлийг өнтэй давснаа тэмдэглэн, удахгүй ирэх урин дулаан цаг, хоол унд элбэгшихийг бэлгэдэж баярлан цэнгэх заншил үүссэн аж. Бие биедээ энэхүү баярт мэдрэмжээ дамжуулахын тулд хүмүүс янз бүрийн хошигнол, тоглоом зохиож эхэлсэн гэнэ.

Юлианы хуанлийн уламжлал

Зарим түүхч хамгийн анхны Тэнэгүүдийн баярыг 1564 онд Францын хаан IX Карл Григорианы хуанлийг Юлианы хуанлийн оронд хэрэглэх болсонтой холбогдуулан тэмдэглэж эхэлсэн гэж үздэг ажээ. Яг энэ үед шинэ жилийн эхлэлийг нэгдүгээр сарын нэгэн болгож өөрчилсөн аж. Гэвч хүмүүс дассан заншлынхаа дагуу олон зуун жилийн турш дөрөвдүгээр сарын 1-нд бие биедээ бэлэг өгсөөр байсан гэдэг. Хааны албатууд ард түмнийг шинэ хуанлийн дагуу амьдрахыг шаардахад нь үл тоон, тоглоом хийснээр энэхүү баяр эхэлсэн хэмээн үздэг.

Гэрийн бугийн сэрэлт

Эртний славян үндэстэн дөрөвдүгээр сарын 1-нд гэрийн буг өвлийн ичээнээсээ гарч ирдэг хэмээн итгэдэг байж. Гэрийн гал голомтыг сахигч буг удаан унтаж байгаад сэрснийхээ дараа яаж ч аашилж болзошгүй хэмээн үздэг байв. Жишээ нь тариа будаа асгах, морьдын дэл сүүлийг хооронд нь зангидах, үнээ тугал айлгах, угаасан цагаан даавуу бохирдуулах. Тиймээс түүнийг баясган ааш занг нь засахын тулд идээ будааны дээжээ тавьж, сүү талхаар дайлдаг байжээ. Бүтэн өдрийн турш гэр хоол унд, баяр баяслаар дүүрэн байх ёстой хэмээн үздэг учир гэрт байгаа хүмүүс бүгд бие биенээ баясгахын тулд тоглоом тохуу хийдэг байсан гэнэ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-01 01:15

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?