НООЛУУРАА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТУШААЖ УРАМШУУЛАЛ АВААРАЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-27 01:08

Сэтгүүлчийн үг

Улсын хэмжээнд 29,261 сая  ямаа тоологджээ. Үүнийг өнгөрсөн жил (27,1 сая  )-тэй харьцуулбал ямаа хоёр сая толгойгоор өссөн үзүүлэлтэй байна. Нэг үгээр хэлбэл 2019 онд энэ тооны ямаа ишгэлсэн гэсэн үг. 2019 онд бэлтгэсэн  9,5 мянган тн ноолуурны 25 хувийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн болгожээ. Харин 10 хувийг нь самнаж, 65 хувьд нь анхан шатны тордолт (угаасан) хийж экспортолсон байна. 

Энэ жил 10.2 мянган тн ноолуур бэлтгэнэ гэж урьдчилан тооцжээ. Бэлтгэсэн ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой гэж үзэж байна. Үүний тулд 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгчдэд 3-5 хувийн хүүтэй олгоно. Хөгжлийн банк, үндэсний үйлдвэрлэгч хоёрын дунд гарч байгаа хүүгийн зөрүү 30 тэрбум төгрөгийг төр хариуцах юм байна.

Түүнчлэн ноолуурын салбарт 12,980 тн ноолуур угаах боломжтой. Угаах үйлдвэрийн хүчин чадал нь энэ онд бэлтгэх ноолуурыг 100 хувь угаахад хангалттай. Энэ бол ноолуурт нэмүү өртөг шингээх анхан шатны үйлдвэрийн хүчин чадал. Харин ноолуур самнах үйлдвэрийн хүчин чадлын хувьд 4606 тн. Гэтэл 2019 онд энэ боломжийнхоо ердөө 20 орчим хувийг ашиглажээ.

Гэхдээ энэ жил хөл хорио тогтоож, хил гааль хязгаарлагдмал болсон тул гадагшаа урсах хүн, ноолуурын урсгал зогсоно. Энэ зогсолт малчдыг үндэсний үйлдвэрлэгчдэд ноолуураа тушаах магадлалтай болгож байгаа юм. Түүгээр зогсохгүй нэг кг ноолуурын үнийг нь 100 мянган төгрөгөөс доош буулгахгүйн төлөө байна гэж ХХААХҮ сайд хэлсэн. Түүгээр ч барахгүй малчид үндэсний үйлдвэрлэгчдэд ноолуураа өндөр үнэ (100 мянгаас дээш)-ээр тушааж дээр нь мөнгөн урамшуулал авах боломжтой гэж салбарын сайд онцоллоо. 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-27 01:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?