“TURQUOISE HILL RESOURCES”, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЛОНДОНГИЙН АРБИТРЫН ШҮҮХЭД ӨГЧЭЭ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-26 07:48

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Засгийн газар болон “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч тал татварын маргаанаа арбитраар шийдүүлэхээр болжээ.  “Оюу Толгой” ХХК Татварын ерөнхий газрын тавьсан татварын акттай холбоотой асуудлаар шийдэлд хүрч чадахгүй байгаа юм.  Тиймээс Олон улсын арбитрын шүүхэд хандах үйл явцаа албан ёсоор эхлүүлнэ гэдгээ хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани мэдэгдлээ. Татварын ерөнхий газар 2018 онд “Оюу Толгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаатай холбогдуулан 155 сая ам.долларын татварын акт тавьсан бөгөөд үүнээс тус компани 4.8 сая ам.долларыг төлж, үлдсэн дүн бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр ирсэн юм. 2018 онд буюу мөн жилдээ энэхүү татварын асуудлаар маргаан шийдвэрлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн талаар “Turquoise Hill Resources” мэдээлж байлаа.

“Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар талуудын хооронд гарсан аливаа маргааныг хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх, эс бөгөөс арбитрын зарчмаар шийдвэрлэх тухай заасан байдаг. Энэ удаад хоёр тал "Арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх байх болно. Мөн талууд шийдвэрийг хойшлуулахгүй биелүүлнэ гэдэгт санал нэгдсэн” гэдгийг “Turquoise Hill Resources”-ийн мэдэгдэлд дурджээ. "Энэ асуудлыг шийдэх хамгийн зөв арга нь арбитр гэж талууд нэгдсэн дүгнэлтэд хүрсэн" гэж “Rio Tinto”-ийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат онцолсон.

Энэхүү мэдэгдэлтэй зэрэгцээд Торонтогийн Хөрөнгийн биржид сүүлийн арилжаагаар “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 1.23 хувиар буурч, 0.8 канад доллар болов. Харин баасан гаригт Австралийн Хөрөнгийн биржийн арилжаа эхлэх үед “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 0.08 хувиар буурч, 98.06 австрали доллар болжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-26 07:48

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?