ҮАБЗ, ХЗДХЯ, УЕП, НЦУГ, НҮБ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-17 08:17

Сэтгүүлчийн үг

“Ард түмний хурал”-ыг хуралдуулах тухай:

Ард түмний хурал хуралдуулах болсон нөхцөл шалтгаан:
Монгол Улсад 1990 онд Ардчилсан хувьсгал ялж, хуучин нийгмээс ардчилсан нийгмийн харилцаанд шилжиж, монголын ард иргэд ардчиллын замаар дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн хөгжих боломж нээгдсэн билээ.
Гэвч харамсалтай нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улс үндэстнийг удирдан жолоодож, авч явах а/ Төрийн эрх мэдэл, үүрэг хариуцлага, б/ төрд ажиллах хүний ухамсар хүмүүжил, мэдлэг чадварын түвшин, ёс суртахууны хэм хэмжээг зааж тогтоосон, зааглаж тодорхойлсон, хуульчилсан дүрэм журам ойлголт, в/ нийгмийн бүтэц тогтолцоо бий болж чадсангүй. /Үндсэн хуулинд эдгээр ойлголтыг зориуд орхигдуулан зайлсхийж, хэлбэр хөөцөлдсөн хоосон тунхагаар самуун утга агуулгыг далдлан бүрхэгдүүлсэн/
Үүний гайгаар өнөөдөр Төр, төрийн эрх мэдэл гэдгийг гэмт хэргийн бүлэглэлүүдийн орогнох газар, өрсөлдөх талбар, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх таатай нөхцөл, хулгай луйвар, хүчирхийллийн ямар ч гэмт хэргийг чөлөөтэй үйлдэх боломж, ял шийтгэлээс ангид дураар авирлах “эрх чөлөө” гэж ойлгодог болтлоо Төрийн төлөвшил гажуудан доройтож нийгмийн оршин тогтнол, улс орны бие даасан тусгаар байдлыг үгүй хийх аюул занал даамжирсаар байна.

Төрийн ийм дампуурлын ойрын үеийн жишээ болох зарим баримтыг тоймлон дурьдвал:
... Хөгжлийн банкны, Бондын хөрөнгүүдийн, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн, Монгол банкны захирал Н.Золжаргалын, АСЕМ-ын, “Эрдэнэт”-ийн 49 хувийн, Албан тушаалтнуудын авлигын, оффшорын, сонгуулийн 60 тэрбумын, ЖДҮ-гийн, “Капитал” банкны дампуурлын, НДС-ийн ... гэх мэт улс орны төсөв санхүү, сан хөмрөг, хөрөнгө баялгийг хоослон шавхсан цагаандаа гарсан эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэргүүд,

Гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэн хамгаалсан, ял шийтгэлээс хаацайлсан, үнэнийг илчлэх, гэмт хэргийг таслан зогсоох явдлыг хориглон саатуулсан “Эдийн засгийн ил тод байдлын тухай”, “Өршөөлийн тухай”, “Хөөн хэлэлцэх хугацааг мөрдөх”, “Зөрчлийн тухай”, “Алтны татварын хувь хэмжээг багасгах тухай”, “Зарим импортын татвар тэглэх тухай”, “Гадаадын сургалтын зээлийн зарим төлбөрийг хүчингүй болгох тухай”... гэх мэт нэг удаагийн болон тухайлсан зарим гэмт хэрэг үйлдэгчдэд зориулсан хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтүүд,

Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү сэжигтэйгээр амиа алдсан, ЗТЯаманд Төрийн захиргааны газрын дарга Б.Махбал гэгч нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан, Говь-Алтай аймагт Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаагийн амиа алдсан, Төв аймгийн Баянчандмань суманд Засаг даргын орлогч О.Хатанбаатар гэгч нь өөрийн удирдлага дор ажиллаж байсан бүсгүйг зэрлэгээр зодож хүчирхийлсэн гэсэн, УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн, ... гэх мэт аллага хүчирхийллийн гэмт хэргүүд,

Улс үндэстний эрх ашгийг үл ойшоон, хууль тогтоомжийг зөрчин хийсэн Оюутолгойн гэрээ, Тавантолгойн ордыг гадныханд худалдах гэсэн оролдлогууд, Дубайн гэрээ, лицензээр худалдагдан гадныхны гарт очсон монголын эрдэнэс баялгийн ордууд, элдэв төсөл хэрэгжүүлэх нэрээр дааж давшгүй өрийн намагт оруулсан үр ашиггүй зээлүүд Монгол Улсыг цаашид эдийн засгийн хувьд боомлин, тэнхрэн өндийх боломж чадавхийг нь үгүй хийсээр байхад таслан зогсоох, засаж залруулах талаар огтхон ч юм хийсэнгүй.

Харин ч тэр бүхнийг үйлдсэн гэмт хэрэгтэн, эх орноосоо урвагчдын хэргийг шүүх ажиллагааг сунжруулан мартагнуулж, сул чөлөөтэй явуулж, зориуд гадагш зугатаалгаж, хэдэн төгрөгөөр торгох төдийгөөр ял шийтгэсэн дүр үзүүлж, хуулийн үзэл санааг гутаан, ард түмнээр тохуурхсаар байна...
Тэгээд ч зогсохгүй Монголын баялгийг шавхан гадагшлуулах, өр зээлийг нэмэгдүүлэх гаршсан увайгүй “ажлаа” үргэлжлүүлж,“агаараар зорчих дүүжин тээвэр” байгуулах гэх мэтийн эдийн засагт ямар ч үр өгөөжгүй төсөл хөтөлбөр гэгчийг ярьж сурталчилан зүтгүүлж эхэллээ.

Улс орноо удирдан жолоодох үүрэгтэй Төрийг ингэж дампууруулсны уршигаар, ард иргэдийн олонхи нь ажилгүй орлогогүй, залуу үе нь дэмий суусаар, ажил хөдөлмөрийн амтанд орох дадал хэвшил суулгүй, залхуу хойрго нь олширсон. Ирээдүйдээ итгэх итгэл алдарч, үзэл бодол нь сарниж, гадагшаа тэмүүлэх сэтгэлтэн үржсэн. Хүн амын багагүй хэсэг гутрал бухимдлаас үүдэлтэй сэтгэцийн асуудалтай болсон. Хар тамхинд мансуурч, цахим тоглоомонд донтсон хүүхэд залуус өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, архинд орж амьдралаа гаргуунд нь хаясан бүлэг давхрага ч бий боллоо.

Нийгмийн үйлдвэрлэлийн харилцаа нь үндсэндээ мөнгө хүүлэх, шулан мөлжих сэтгэлд баригдсан түрээс, дамын наймааны харилцаанаас өөр үйлдвэрлэх хүчний бүтэц чадамжгүй, хийж чадах юмгүй ч голж шилсэн үрэлгэн цамаан хэрэглээ бүхий ядуу дорой эдийн засагтай улс орныг бий болголоо.
Ийнхүү амьдрах арга, нөхцөл, боломж хумигдахын хэрээр нийгмийн сэтгэл зүй нэлэнхүйдээ уруудан доройтож, амиа хорлолт, харгис хэрцгий гэмт хэрэг цочирдмоор тоо хэмжээнд хүрч, жудаггүй бэртэгчин явдал, гомдол хорсол, ёс суртахууны ялзрал завхрал газар авч, гэр бүл салах сарнихаас эхлэн нийгмийн тогтортой бүтэц эвдэгдэн, задрал бутрал үргэлжилж, улс үндэстний оршин тогтнох чадамж улам бүр алдагдан үгүй болж байна.

Үндэслэл:
Улс орны өнөөгийн энэ нөхцөл байдал нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-дэх заалтын дагуу, улс орноо аврах гарц, арга замаа хэлэлцэн, их өөрчлөлт хийхийг Монголын ард түмнээс шаардаж байна.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль болоод, холбогдох бусад хууль, Олон улсын гэрээгээр Монгол Улсын хүлээсэн үүрэг, Төрөөс хүлээн зөвшөөрсөн ТББ-уудынхаа дүрэм журам, үйл ажиллагааны зорилго чиглэлээ хэрэгжүүлэн, Ард түмний хурал”-ыг зохион байгуулах ажлыг эхлүүлж байгаагаа Төрийн эрхэм албыг хашиж буй Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тэргүүн Халтмаагийн Баттулга танд албан ёсоор танилцуулж байна.
Олон нийтийн хяналтгүй, хариуцлагагүй төрийн тогтолцоогоо өөрчлөхөд Монголын ард түмэн сэтгэлээрээ нэгэн зорилгын дор нэгдэж "Эрс шинэчлэлт"-ийг ард түмэн хийхээс өөр аргагүй юм гэж үзэж байна.

“Ард түмний хурал”-ын зорилго, хэлэлцэх асуудал, үйл ажиллагаанаас тоймлон дурьдвал:

“Ард түмний хурал”-ыг худалдуулах зорилго нь төрийн тогтолцоог өөрчлөх, олон нийтийн хяналтын системтэй болгох, Монгол Улсын 2050 он хүртэлх хөгжлийн үндэс суурийг тавих, зөв удирдах, төрийн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан шударга иргэдийг орон нутгаас сонгон УИХ-д гаргах.

“Ард түмний хурал”-ын хэлэлцэх асуудал, үйл ажиллагаа:
1. Монгол улсын нийт ард түмнийг жинхэнэ утгаар нь хуралдуулах,
2. Төр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд хамтарч "Ард түмний хурал"-ыг зохион байгуулахад идэвхи санаачлагатай оролцох,
3. Засаглалын хэлбэр, бодлого тогтолцоог хэлэлцэх,
4. Илтгэгч нь зургаан минутын илтгэл, шүүмж, дүгнэлт, үр дүн, төрд өргөн мэдүүлэх шаардлага гэсэн дарааллаар итгэлээ бичиж hr.cic.mongolia@gmail.com гэсэн еmail-хаягаар 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх,
5. "Ард түмний хурал"-аас гаргасан шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын их хурал, Засгийн газарт хүргүүлэх бөгөөд үл хэрэгсэх тохиолдолд "Ард түмний хурал"-ыг үргэлжлүүлэн "Ард түмний онц их хурал"-ыг хуралдуулах,
6. "Ард түмний нэмэлт асуулгаар бүрэн нээлттэй байцаан шулгуулж шударга гэдгээ нотолсон хэн боловч нэр дэвших эрхтэй" гэсэн заалтыг сонгуулийн хуулинд тусгайлан оруулах зэргийг шийдвэрлэх нөхцөл шаардлага бүрджээ.

Нэрийн тайлбар: "Ард түмний хурал"-ыг юу гэж нэрлэх нь хөндөх асуудал биш.
Хурал зохион байгуулах ажлын төсөл төлөвлөгөө, дүрэм журам, танилцуулга, хандивийн журам, санхүүгийн журам, хурлын дэг, эрсдэлээс сэргийлсэн жагсаал цуглааны дотоод журмыг боловсруулсан байгаа. Нийт долоон хуудас баримт бичгийг хүргүүлэв.
“Монгол үндэстний хүний эрх иргэдийн хяналтын хороо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Шаравын Баярсайхан

Хүргүүлсэн байгууллагууд: ҮАБЗ, ХЗДХЯ, УЕП, НЦУГ, НҮБ.

Хаяг:
МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ХҮНИЙ ЭРХ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН ХОРОО НИЙГЭМД ҮЙЛЧЛЭХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА
2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 03/17
Улаанбаатар хот, Хан Уул Дүүрэг, 11 дүгээр хэсэг,
Монгол Шуудан 53 дугаар салбар
Утас 9917 7163, 8850 0947
Email: hr.cic.mongolia@gmail.com

 

"Ард түмний хурал"-д илтгэл тавих хүмүүс зургаан минутын илтгэл, шүүмж, дүгнэлт, үр дүн, төрд өргөн мэдүүлэх шаардлага гэсэн дарааллаар илтгэлээ бичиж hr.cic.mongolia@gmail.com гэсэн еmail-хаягаар 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

 

 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-17 08:17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?