ЧИНГЭЭД БОДОХУЙЯА...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-06 13:28

Сэтгүүлчийн үг

Амьдрал тэр чигтээ хүлээлт биш гэж үү? Үхэл хагацлыг, бурханыг, ид шидийн мэт тохиолыг, хэзээд л утгагүй байдаг мөнхрөлийг хүлээсээр дуусдаг юм шиг. Тийм биш гэж бодсон ч үхэхгүй юм шигээр амьдралд хандах хандлага, амьдралд хоргодох сэтгэл ул мөргүй алга болдоггүй бололтой. Хэрэв тийм бол бид туйлын зорилго, насан туршид тархинд оршсоор л байдаг тэнэгллээ үгүйсгэн нууж жүжиглэдэг. Ерөөсөө үнэнийг үгүйсгэнэ гэдэг нэг зүйлд туйлдаа хүртэл итгэх итгэл, хэзээд л тохиох зүйлсийг няцаана гэдэг байгалиас өгөгдсөн хүн байх өгөгдөл ч байж болох юм. Бид айж эмээх зүйл үгүй адгуусан шинж чанараа нуух гэж түүртсээр цаг хугацааг элээдэг бол яана.Төгсгөлийн зам ирэхэд итгэж явсан бүхэн чинь худал хуурмаг хэмээн тохуурхдаг харгислал яана

Чингээд бодохуйяа

Үнэн гэдэг бол нэгэн зэрэг үнэлж баршгүй үнэт ба хөнөөлт зүйл. Үнэн бол өгүүлбэрийн шинж болохоос ертөнц юмуу үйл хэргийн шинж биш. Үнэн бол хүнээс нуугдмал, харин түүнийг зөн совингоор мэдэж болно.  Мөн урлагийн жинхэнэ мөн чанар, туйлын зорилго нь гоо сайхныг шагшин магтаж, уран тансаг үг,  дүрслэлээр хэрэглэгчдэд таашаал өгөхөд бус, бодит амьдрал, хувиршгүй үнэнийг харуулахад л оршдог. Урлаг бол үнэнийг бидэнд ойлгуулж ухааруулах тэрхүү үнэ цэнэт худал хуурмаг. Шинжлэх ухаан бол “үнэний эцсийн шүүгч”. Ертөнц гэж , үнэн гэж юу болох тухай зөвхөн шинжлэх ухаан л хэлж чадна. Шинжлэх ухааны хэлсэн зүйлсийн нэг бол ертөнцийн тухай бидний мэдлэг мэдрэхүйгээр хязгаарлагддаг аж.  Шинжлэх ухаан ямар нэг юмсын үнэнийг практикт баталдаг бол харин урлаг түүнийг уран бүтээлдээ үзүүлдэг. Урлагийн чухал онцлог нь шинжлэх ухаанаас ялгарахдаа бодит байдлыг ойлголтоор бус, харин тодорхой хүртэгдэх хэлбэр болох дүрийн хэлбэрээр тусгаж байдагт оршино. Урлаг сайхны зэрэгцээ муухайг, тэнгэрлэг зүйлийн зэрэгцээ өчүүхэн дорд байдлыг бодитой тусгаж байдаг. Хүн эхлээд ямар нэг тодорхойлолт, зорилгогүйгээр энэ дэлхийд оршин байдгаа мэддэг. Харин дараа нь туршлагад  хариу үзүүлж,    өөрийн    амьдралын утгыг тодорхойлдог. Бид хийж буй бүх зүйлийнхээ өмнө хариуцлага хүлээнэ. Бидний хийж буй бүх зүйл зөвхөн бидэнд нөлөөлөхөөр үл барам бидэнд сонголт, үйл ажиллагаагаараа хүн төрөлхтөнд   жишээ болж байдаг. Ийм үүрэг хариуцлага бол бид өөрсдийн үйл ажиллагаагаар илэрч байдаг амьдралын утга учрыг тодорхойлж буй баримт. Бид сонголт хийхдээ зөвхөн хувь хүний үүднээс нэг зүйлийг илүүд үзэж байгаа юм биш, яаж амьдрахаа ертөнцөд мэдэгдэж байгаа хэрэг.    Хүнийг хэзээ ч албадаж болохгүй, хүнд үргэлж сонголт байдаг.    Хүнийг шоронд хийх юмуу толгойд нь буу тулгасан байлаа ч дагах уу, үгүй юу гэсэн сонголт байсаар байдаг, үр дагавар нь сонголт хийх явдлаас чөлөөлдөггүй. Сонголтын эрх чөлөө нь хүний амьдралын байнгын нөхцөл.  Гэхдээ өөрт нь оногдсон хариуцлагын асар их дарамтын улмаас бид сонголтын эрх чөлөөгөө няцааж түүнээс зайлсхийж байдаг. Ингэж зайлсхийснээр хүнийг хүний мөн чанартай холбоотой шүүмжилсэн шүүмжлэлтэй холбогддог.Сайн болон муу хүмүүс төрдөггүй, тэд үйл ажиллагаанд л тийм болдог. Бид юу хийж байна тийм л хүмүүс байдаг. Тэгэхээр сайн үйл үйлдэж буй хүмүүс сайн хүн, муу зүйл үйлдэгсэд муу хүн. Гэхдээ дараагийн удаа өөрөөр үйлдэх сонголт бий.                                                                                                            

 Чингээд бодохуйяа...

Эрх чөлөө гэдэг зөвхөн хүний дотор, сэтгэлгээнд л буй, сэтгэлгээний эрх чөлөөг олж авч чадаагүй хүн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй адил өгөгдсөн нийгмийн хэмжүүрт харагдсаар дуусдаг.  Би өөрийнхөө гадаад байдал, дотоод мөн чанар хоёроо нэгтгэн хадгалж чадснаар нийгэмд дасах гээд, бусдад таалагдах гээд өөрсдийгөө гинжилчихсэн тэдэнтэй харьцуулвал гинжийг илүүд үзээгүй учраас хэдийгээр шоронд байгаа ч гэсэн эрх чөлөөтөйгөөрөө үлдэж чадсан байдаг. Бид цаг үргэлж л шийдвэр гаргах нөхцөл байдалтай тулгарч байдаг. Сонголт бол бидний эхлэх цэг, байнгын дагуул бас тэгээд асар хүнд ачаа юм. Хэн ч тэнгэрлэг зүйл болон хүний өмнөх үүрэг хариуцлагаас булзаж чадахгүй. Хэрэв ингэх юм бол өөрийгөө хуурсан, “муу итгэл үнэмшилтэй”байсан хэрэг болно. Бусдаас нуугдаж болноо, харин өөрөөсөө нуугдаж чадахгүй. Муу муухай зүйлсийг засан залруулах арга боловсролд байдаг. Би боловсролын асуудлаар бичсэн янз бүрийн ном харсан. Эцэг, эхийн хяналт, сургуулийн тухай л их байх юм. Хүнийг асар их амжилт гаргасан эсвэл тэвчишгүй том алдаа хийснээр нь дүгнэх хэрэггүй ээ, харин хүүхэд ингэх нь шударга бус гэдгийг л мэдэрч сурсан байх ёстой.                   Гол нь шударгадаа ч байгаа юм биш. Жинхэнэ эр хүн ямар байхад  л хамаг учир нь байдаг. Хүн хүн шиг л байх хэрэгтэй. Хэрэв нохой шиг байх аваас зарим хүмүүс чамайг гаршуулан тэжээх болно.  Амьдралд хүнд хэцүү бэрхшээл тулгархад ямар нэгэн зүйлээ золиослон байж даван туулах болдог. Энэ бол цаг хугацааны шийтгэл юм. Хүн хувь заяаныхаа боол байдаггүй, үнэн хэрэгтээ оюун ухааныхаа боол болдог. Гэгээлэг амьдрахыг хүсвээс оюунлаг байх шаардлагатай. Эрүүл саруул ухаантай улсууд ямагт ээдрээ бартааг даван туулж чаддаг.  Гэхдээ надтай адил хүмүүсийн шоовдорлогдсон боловсрол миний үзэн яддаг  гуйланч байдлын эх сурвалж гэдгийг баттай мэдсэн.  Сайн сайхан нийгэм нь оюун ухаан, мэдлэг буянлаг үйлс дэлгэрсэн нийгмээс гардаг юм бол тухайн нийгэм нь баян ядуу хоёуланд энэ шинжүүдийг ихэсгэхэд  тусаа өгнө. Тэгээд яагаад хүсэхгүй байна?

Чингээд бодохуйяа..

Аливаа улс нь тархай бутархай харанхуй байвал тэднийг захирч байхад амар хялбар гэсэн эртний үзэл байдаг. Энэ бол бүх эзэнт улсуудын урьд өмнө баримталж байсан бодлого юм. Тийм бодлогыг Ромчууд “Divid et imperal !” “хуваа,захир!”   гэсэн үгээр илэрхийлдэг байлаа. Засгийн эрх гэдэг бол гараас ямагт мулт үсрэх гээд байдаг мөлчгөр зүйл юм. “Тэр бол дэндүү их боддог тийм хүмүүс л аюултай” гэсэн Юлий Цезарийн үг бий. Улсыг яаж чанга гараар базан захирах талаар Корнифын дарангуйлагч Периандр өөрийн анд Милетийн дарангуйлагч Фрасибулаас зөвлөгөө авахаар тусгай элч мордуулж л дээ. Цаад захирагч нь Периандрын элчийг дагуулан хотын захад аваачаад, тариан талбайг ажиглаж байснаа, бусдаасаа өндөр ургасан түрүү бүхнийг хяргаж гарчээ. Чингээд юу ч хэлэлгүй, элчийг буцаасан байна. Гайхсан элчийнхээ амнаас уг явцын тухай сонсоод Периандр дарангуйлал тогтоох нууцыг мэдэж аван, төдөлгүй хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Тэрээр улсынхаа хамгийн ухаантай, өндөр боловсролтой, хүч нөлөө бүхий иргэдийг устгаж цөлж дуусгаад, ганцаар засаглах болжээ. Олон эрх баригчид энэ сонгодог жишээгээр ажиллаж, түүгээр ч барахгүй биеэ хамгаалах бодолдоо хөтлөгдөн ингэдэг байлаа. Эртний нэгэн зохиогчийн бичсэнээр бол тэд аль нэгэн талаараа суут бүх хүнийг “хяргаж байв”. Ухаантай болж төрөхөд гайтай тийм үе байсан бөгөөд ухаантай хүнд гай уддаг тийм эрх баригчид байсан юм. Ромын Клавдий өөрийн өмнөх Калигула хааны үед амьд мэнд гарах өөр арга байхгүй байсан болохоор зориуд тэнэг хүн болж байсан үнэнээ эзэн хаан болсон хойноо сая хэлсэн байдаг. Энэ зарчим нийтлэг байсан нь гайхалтай. Эртний Хятадын гүн ухаантан Лао Цзыгийн бодлоор эрх баригчийн нэг зорилт бол албат иргэдээ эрдэм номгүй байлгаж, тэдний оюуныг нухчин дарж байх явдал байв. Учир нь аливаа соёл гэгээрэл, эрдэм мэдлэг гэгч нь дарангуйлагчдад тун аюултай зүйл ажээ. Оросын эзэн хаан 1 Николай хаан нэг удаа түүнийг цэргийн сургууль дээр очиход сургуулийн захирал ер бусын авьяас билэгтэй шилдэг сайн сурагчийг түүнд танилцуулсан байна. Хаан тэгэхэд юу гэсэн гээч, -Надад тийм хүмүүс хэрэггүй. Энэнтэй энүүнгүй бодож эргэцүүлдэг хүн бий. Ийм л хүн хэрэгтэй гээд харах царайнаасаа ямар ч юм сурах янзгүй мулгуу хэдэн хүнийг заан жагсаалаас татан гаргаж ирж гэнэ.Макс Вебер засгийн эрх, түүнийг тогтоон барих асуудлыг судлаад үндсэн арга байдгийг тэр заасан байна. Удирдлагын аппаратыг үнэнч хамсаатнуудаасаа шилж авдаг. Эрдэм мэдлэгтэй хурц, сод ухаантай хүмүүсийг биш харин илүү дутуу юм боддоггүй хий гэснийг л хийдэг хүмүүсийг илүү үнэлдэг байжээ.Эх баригчдын суут шинж чанар гэж зогсоо зайгүй мэтгэдэг. Албат иргэдийн хэлсэн үг хийсэн ажил үйлс бүхэн эрх баригч, эзэн дээдсийнхээ зөв гэж харуулах ёстой.  Эрх баригчдад ямар талаар алдаж эндэж байгааг нь  ойлгуулах гэсэн хүн бол хохирдог.  

Чингээд бодохуйяа...

Тэнгэрийн бошигоор улирлыг нээсэн баатар эзэн Чингис хаан бол өнөд тэнгэрлэг байсан юм.Их хаан эрдэм мэдлэгтэй, чадварлаг, авьяастай, үнэнч шудрага хүнийг харц түшмэл гэж ялгахгүй үнэлж, итгэлийг олж урьд хожид ахин гарахгүй их үйлийг бүтээсэн юм. Юлуй Чуцайн хөшөөнд “Умардад Чингис хаан төрийг жинхэнэ утгаар нь цогцлоосон юм” гэж бичсэн байдаг. Монголчуудын довтолгоонд өртөж байсан газрын,тэр үеийн түүхч Абул Граз “Чингис хааны ноёрхолын үед Иран,Тураны хоорондох бүх улс орон гайхалтай амар жимээр суух болов. Алтан цар толгой дээрээ тавиад Ливаинтаас Кушант хүртэл өөдгүй хүнтэй тааралдана гэж айлгүй санаа амар явдаг байв” гэж дуу алдан бичсэн.   Их эзэн Чингис хаан 1219 оны 5 сард Хорезм улсыг дайлж байхдаа бумбын шашны нэрт эрдэмтэн Чан Чун арашид илч илгээн  “ барсын толгойтой алтан гэрэг “ дээр “Хаан намайг биеэр морилж ахуй мэт асартугай” гэсэн гэрэгийг урьсан зарлигийн бичигтэй илгээсний эцэст өөрийнхөө дэргэд авчирч хууч хөөрч, сургааль  номлолыг нь сонсож байсан гэдэг.   Чингис хаан Чан Чин аршыг ямар ямар их бишрэл дээдлэж байсныг өдгөө “Цагаан үүл”-н сүмд хадгалагдаж байгаа өөрийнх нь илгээсэн захидлаас харж болно. Мөн Чингис хааны нэгдлийг дайсагнагч Жамуха анддаа хэрхэн үнэнч байж эцэс болсныг найман зууны тэртээх Гүр хаан Жамухын шарил дээгүүр өнөөдөр эх нутгийн минь ноён салхи гунигтайхан хэсүүчилж, нөхрийн тухай үгсийг  хялганы толгойд шивнэж эрин зуунд илгээнэ. Их хээр талыг эзэрхэж эзэн нь болж  байсан нүүдэлчдийн түүх соёл түүний хувьсал өөрчлөлт мандал бууралт, гавьяа зүтгэлийг үнэн мөрөөр нь тайлж тайлбарласан даян дэлхийд нэрд гарсан оросын их эрдэмтэн Лев Ныколаевич Гумилев, тэрээр Монголчуудын өвөг дээдэс бол яадгаа алдсан “зэрлэг бүдүүлэгчүүд” огтхон ч биш байсан гэдгийг европынхон болон хятадуудын бурангуйллын эсрэг нотолгоонуудыг шинжлэх ухаанчаар гарган тавьж, тиймэрхүү худал хуурмаг дарамтлалыг зоримог няцаасан юм.  Түүний үзснээр “өршөөл хайрыг үүтгэгч нь бас Чингис хаан байж ээ” гэж хүртэл нотлож байв. Энэ талын олон баримтаас ганцхан жишээ дурьдвал,Монголыг нэгтгэх дотоодын дайны талбараас Чингис хаан Шихихутаг (татаар), Борохул (жүрхэн), Хүчү (мэргэд), Хөхөчү (бэсүд) зэрэг өнчин дөрвөн хүүхдийг өөрийн дүү болгон авч, хүүчлэн асарч тэжээв Өүлэн үжин ээж. Хүндэтгэл дурсахуй. Монголчуудын нэр төр алдар сууг шоронд суутлаа, шороонд ортлоон өмөөрөн хамгаалсан, манай монголчууд эгнэгт хайрлан хүндэтгэж явах ёстой эрхэм Лев.Николаевичын эх Анна Ахматава, та нар мэднэ. Оросын алдарт яруу найрагч эмэгтэй. Түүний жинхэнэ овог нь Горенко. Украйн нэр л дээ. Анна яруу найргийн нэрээ сонгохдоо Ахматова гэдэг овгийг авсан. Энэ нь Чингис хааны угсааны Ахмат гэдэг Алтан ордын сүүлчийн хааны нэрээс гаралтай. Анна бол тэр Ахматын үр удам. Тэгэхээр энэ гайхамшигтай хүн өвөг дээдсийнхээ нэрийг яруу найргийн овгоо болгож авсан байна. Одоо бол дэлхий дахин түүнийг Монгол гаралтай энэ овгоор нь мэднэ.Ухаантай хүмүүс өөрийн гэсэн зүйлээ хадгалж үлдээхийн төлөө ингэж тэмцдэг юм байна. Мөн, мөхөс миний номын багш Хон Хэрэйдийн Энхбат болно. Багшийн минь овог уг нь Банзрагч  гэдэг. Хонхэрэйд аймаг бол эртний Монгол язгуурын Дэрлэгэн аймаг. Багш минь овгоороо хэрхэн бахархан цээж баян, улс монголоо гэсэн сэтгэл тээж ирсэн эл жилүүдийг бид үйл, бүтээлүүдээс нь мэднэ. Монгол үндэстнийхээ төлөө явсан ихэнх хүн хохирч дуусдаг юм. Үндэстнийхээ төлөө бүх амьдралаа үрээд барчихсан, хэний ч танихгүй өчнөөн хүн  бий.Тэд өдөр хоногийг яаж аргацаадгийг, хүүхдүүд нь ямаршуухан амьдралд өсч торнидгийг харах юм бол шимширмээр. Тэднийг арчаагүйдээ л ядуу яваа гэж бүгд дорд үзэцгээдэг. Үнэндээ бол тэднийг өөд гаргаж болохгүй гэсэн тушаал заавар хүчин төгөлдөр үйлчилсээр байдаг. Боловсролтой хүн ямагт үндэсний эрх ашгийг эрхэмлэдэг нь хууль юм.                    Монголын эзэнт гүрний дараах их үүргээ умартаж эцэг өвгөдийн мөнхийн захиасыг зөрчиж, өөр хоорондоо өшилдөн самуурсны балгаар Монголчууд бид бусдын эрхшээлд орж хараат дагуул байх үеэс манай үндэсний хүсэл тэмүүллийг бие сэтгэлдээ агуулж тээж, хөгжил дэвшлийн үзэл санааны сор болсон төрийн зүтгэлтнүүдийг урд, хойд хоёр улсын бодлогоор харгислан устгасан эмгэнэлт явдал болсон юм. Энэ нь Монгол үндэстний өөрчлөлт шинчлэлийг агуулсан удмын санг туйлдуулан хоосруулсан билээ. Тэдний орхисон орон зайг аялдан дагалдагдсдын хүрээ эзэлсэн юм. Эртний Монгол төгс угсаатан эдүүгээ олон хуваагдаж, хүн амын 4/5, газар нутгийн 2/3 нь хөрш их улсуудын харьяалалд багтан Монголчууд өөрсдийгөө арлагч, өвөрлөгч, халх, буриад, ойрд гэх мэтчилэн хэрчин харьчлах болсон төдийгүй Монгол төрийн бодлого нь хэл бичиг, соёл урлагынхаа нэгдмэл байдлыг ухаарах чадалгүй болсон нь Монгол угсаатны доройтол задралын хамгийн энгийн нотолгоо болсоор байгаа.Алив үндэстний санах ой ухаан цэвэршин ариусахдаа өнгөрсөн түүхийнхээ гэрэл гэгээтэй үетэй эргэж холбогддог.         

Чингээд бодохуйяа...

Бид эх түүхэндээ ач холбогдол өгч хэн байснаа мэдэж, хэн болчихоод байна, цаашид хэрхэхээ тодорхойлох ёстой.  Энэ тэр номыг сөхөхөд хосгүй сайхан Монгол нутаг эхээ дагах сүүн тэжээлт буянт амьтан үүссэн орчин, монгол нутаг хүн бүрдсэн өлгий нутаг, монголчууд анхны төрт ёсыг цогцлоосон улс, монголчууд хүн төрөлхтөний дээд өвөг, монголчууд бид дэлхийн жолоог атгаж явсансан, монголчууд бид даян дэлхийд соёлыг, хайрыг түгээсэн юм. Мандах буурах нь орчлонгийн жам ёсны тэнхлэг ажгуу.  Эцэг өвгөдийн өрлөг далай түүхээс халбагадах төдийд л бахдалтай. Илүү дутуу метафизик ачаагүйгээр Монголчууд бидний үнэн бол энэ. Барууны нялхсыг дуурайж хэн ч биш болчихсон байгаа нь үнэн. Өнөөдөр бид сайн, зөв хүн байхсан гэхээсээ илүү өндөр цалин, бусдад хүндлэгдэх албан тушаал, тохилог сууц, олон жил дарсан дарс л хүсдэг болчихож үү дээ.Бид царай зүсээ л тольдохоос бус зүрх сэтгэл рүүгээ өнгийхөө байчихсан.Үерийн ус мэт хүч түрэн орж ирж байгаа хар харь хортой мангас хэрэглээний сонирхол хүсэл нь өмнө оршиж байсан хүн хоорондын харилцааны нандин чанаруудыг хөөн зайлуулж, орыг нь эзлэж авч байгааг харахдаа би харамсдаг. Нэг л амьдрах юм чинь хүссэн бүгдээ авья, миний эдлэж хэрэглэж буй бүхэн намайг ямар их сэтгэл хангалуун болгодог гээч хэмээн сөрөх нэгэн байж магад. Би маргахгүй. Гэхдээ хүмүүсийн амьдралын утга учир аз жаргалын шалтгаан ийм энгийн гэж үү. Үнэндээ аз жаргалын мөн чанар булган шуба, франц хоол, тансаг машин, алт мөнгө төдийхөн л байсан бол амьдрал яасан хялбар вэ.  Хүслийг магтан дуулах биш эсэргүүцэн чарлах ёстой!  Шинэ юм ямар ч нөхцөл байдалд нэг л хорт муу юм байдаг. Бид шинэ хэрэглээ үүсгэснээрээ өөрсдийгөө заяагүй амьтан гэсэн сэтгэгдлийг хүчтэй болго байна. Ийм доройтол хэдийд эхэлсэн бэ?   Цэцэн цэлмэг ухаанаа шинжлэх ухаанаар, гоо сайхныг ашиг тусаар сольсон тэр өдрөөс эхэлсэн юм. Нэг талаараа барууны хэм хэмжүүрт тохирох нь хөгжлийн илэрхийлэл мөн ч гэлээ үндэсний соёл, онцлог маань хөгжлөөс ч эрхэм билээ. 

Чингээд бодохуйяа...

Молхи би буцаж ирсэндээ хэмжээлшгүй баярладаг. Зууч болж өвгөдтэй минь уулзуулж ухааруулсан түмэн жилийн нөөцтэй эх түүх, эх хэл минь миний бахархал , миний итгэл үнэмшил , миний мөнхийн ус. Эл өнгөрсөн жилүүдэд харь тахалд нэрвэгдэж өнгөрүү буруу урсаж төрийн хуультай тэрсэлж үйл үрийг эдлэв. Гэхдээ энэ нь намайг тодорхойлоход хангалтгүй. Алив хүний зүрхэнд юу оршиж байсан нь нэн тэргүүнд тавигдах ёстой болов уу. Орь залуудаа Боржигон Нацагдорж шүлгээ хумьж, тоостой судар шагайсан мэргэд, хөвүүд чинь торны цаанаас чамайг л дууддаг биш билүү, тоож  хэний нулимсыг арчих юм бэ эх ороон?..Тиймээ эх орон таньдаа би хайртай, үүнийгээ би үлдсэн үйл амьдралаараа харуулах болно. Монголчууд бидний мөнхөд суралцах их сургууль болох Б.Ренчин, Д.Нацагдорж, Л.Түдэв, О.Дашбалбар, Т.Галсан ..... тэргүүтэй эрхэмүүд   эрдэм ухааны гэрэлт огторгуйд мөнхөд гялалзсаар байна. Мөнх тэнгэр,эцэг өвгөдийн минь ариун сүнс ивээтүгэй.

ОЛХОНУД БАТТУЛГА /2017 ОНЫ 3 САРЫН 18/                                                                                                                                                               



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-06 13:28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?