М.ИБРАЙ: ХОТЫН ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ УЛСЫН НҮҮР ЦАРАЙ БОЛДОГ

Сэтгүүлчийн үг

Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрайтай нийслэлийн бүтээн байгуулалт, түүнийг тойрсон асуудлуудын талаар ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсч, улмаар Английн Кардиф хотын Метрополитоний Их сургуульд санхүүгийн мастерийн зэргийг хамгаалсан нэгэн. 2012 оноос Барилга хот байгуулалтын яаманд Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал гээд бүтээн байгуулалтын салбарт найм дахь жилдээ ажиллаж байгаа юм

-Бүтээн байгуулалтын салбарын хөгжлийн асуудлаар яриагаа эхэлье?

- Монголын бүтээн байгуулалтын салбар нэг үеэ бодоход  асар их хөгжиж байна. 1990 оноос өмнө бүтээн байгуулалтаас авахуулаад бүх зүйл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн хуулиар шийдэгддэг байсан. 1990 он гарснаас хойш том том бүтээн байгуулалт болон мега төслүүд дээр ажиллаж бүгдийг нь бид өөрсдөө хийж сурч ирлээ. Сүүлийн жилүүдэд 25, 30 давхар барилгыг барьж чадах инженер, архитекторууд гээд мэргэжлийн хүмүүстэй болсон байна. Гэвч бидэнд ганц дутагдаж байгаа зүйл бол хотын ерөнхий төлөвлөгөө буюу хот төлөвлөлт дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Хамгийн ойрхон жишээ гэвэл Хан-Уул дүүргийн Яармаг хорооллыг харахад сүүлийн хэдэн жил хэн дуртай нь янз бүрийн барилга барьж байна. Аж ахуй нэгжүүд болон хувь хүмүүс  өөрийн  эзэмшлийн газар дээрээ хот төлөвлөлтийг зөрчиж өөрийн дураар барилга барьж байгаа нь хотыг эмх цэгцгүй болгохоос гадна эдгээр барилга байшингууд хангалттай хэмжээний автомашины зогсоолыг  шийдэхгүй  байгаа нь  манай   хотын   хамгийн том асуудлуудын нэг замын түгжрэлийг улам нэмэгдүүлэх эрсдлийг бий болгож байна. Ерөнхийдөө энэ замбараагүй барилгуудыг муухайгаар хэлбэл шүд нь унасан хүн шиг л байна. Энд нэг өндөр барилга, хажууд нь намхан барилга, нөгөө талд нь гэр хороолол, авто засварын газар, авто машин зарах шоу рум гээд л. Ямар ч ерөнхий “план” төлөвлөгөө байхгүй. Мэдээж хот төлөвлөлтийн төлөвлөгөө гэж бий л дээ. Гэхдээ үүнийгээ дагаж мөрдөхгүй байгаа аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс олон байна.

-Хот төлөвлөлт ямар байх ёстой вэ?

-Өнгөрсөн сард Казахстаны нийслэл Астанад очиж газар хөдлөлтийн талаар семинарт оролцсон.   Уг    семинарын үеэр шинэ нийслэлийнхээ хот төлөвлөлтийг бидэнд үзүүлсэн юм. Үнэхээр төлөвлөж чаддаг, хуулиа ч маш сайн мөрдүүлдэг улс юм гэдгийг л ойлголоо. Ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн газарт орон сууц, сургууль эсвэл цэцэрлэг баригдах ёстой гэвэл заавал зориулалтын төлөвлөгөөний дагуу   барилгаа

барьдаг юм байна. Тухайн төлөвлөгөөтэй газар нь хувь хүний эзэмшлийн газар бол тухайн хүн тодорхой хэмжээний төлбөр аваад улсдаа өгөх үүрэгтэй гэдэг хууль үйлчилж байна. Өөрөөр хэлбэл тэнд орон сууц барина гэсэн бол “би өөрийнхөө газар оффис барина” гээд байж болохгүй. Орон сууц барих ёстой бол орон сууцаа бариад  зар   гэдэг   шаардлага л тавьж байна. Хот төлөвлөлт гэдэг бол улс орны нүүр царай гэдгийг Астана хотод очоод бодит байдлаар нь харлаа.

-Астанад гэр хорооллыг яаж зохицуулсан байх юм?

-Астана хотын захаар гэр хорооллыг төлөвлөн иргэддээ сингл хаус эсвэл таун хаус барих газрыг  өгсөн  байна.  Иргэд  15 мянган ам.доллар төлж 1000 метр квадрат газар авах эрхтэй болдог юм билээ. Энэ төлбөрт барилгын зураг төсөл, дизайн мөн дэд бүтэц нь орсон. Ингэхээр иргэддээ газраа үнэ төлбөргүй өгч байгаа гэсэн үг. Улсаас их хэмжээний хөрөнгө гаргаж орон сууц барьж, борлуулах гэж олон ажил хийхгүйгээр дэд бүтцийг нь шийдэж өгөөд хувь хүмүүс өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх боломжоор хангаж өгч  байгаа юм.  Нэг загварын зураг төслийг нь гаргаад өгчихөөр иргэд маш дуртайгаар хүлээн авч, тэдэнд өөрсдийн амины орон сууцаа  босгож авах боломжийг нь олгодог. Энэ туршлагаас бид суралцах хэрэгтэй гэж бодож байна. Манай байгууллага гэр хороолол дахин  төлөвлөлтийн  чиглэлээр Барилга  Хот Байгууллалтын Яам болон нийслэлтэй хамтран ажилладаг. Энэ  хавар  Барилга хот  байгуулалтын  Яам  болон Барилгын хөгжлийн төв хамтран Зураг төсөл зохиогчдын холбооноос ногоон барилга буюу эрчим хүчний хэмнэлттэй барилгын 20 гаруй зураг төслийг авч түүнийгээ нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл болон ипотекийн корпараци руу хүргүүлсэн. Хэрэв энэхүү зураг төслөөр барилга баригдсан  нөхцөлд  ипотекийн 8 хувийн зээлд хамрах болзол хангаж байгаа юм. Энэ төсөл ажил хэрэг болвол мөн л дээр ярьсан Астана хотын хэлбэрт шилжихэд нэг ч гэсэн алхам ойртож байна гэсэн үг.

-Гэр хороолол үнэхээр олон асуудлыг дагуулж байна. Утаа багасчихлаа гэж бодоход одоо хөрсний бохирдол босч ирнэ. Гэр хорооллыг цөөлөх гарцыг дахин төлөвлөлт гээд байгаа. Дахин төлөвлөлт хангалттай хийгдэж чадаж байна уу?

-Мэдээж агаарын бохирдол, утаа,     хөрсний бохирдолтой тэмцэх гол       зүйл     бол гэр хорооллыг  бага  багаар  орон сууцжуулах. Дахин төлөвлөлтийг яриад 10 гаруй жил боллоо. Одоо байшин бариад айлууд орж байгаа ч хангалттай биш. Гэтэл эсрэгээрээ нөгөө “нэхмэлийн шар”-уудыг нураагаад шинэ байшин маш хурдан босч байгаа нь байрлал, зах зээлтэйгээ шууд холбоотой байна. Иймээс хотын захын гэр хороололд 9, 10, 16 давхар байшин хэрэггүй. Ингэж өндөр давхар байшин төлөвлөөд байгааг шүүмжилмээр байна. Бүр тодруулж хэлбэл хоёр давхар таун хаус барих хэрэгтэй хэрэв гурван давхар болчихвол метр квадрат нь нэмэгдэж худалдаж авахад үнийн дүн өндөр болох магадлалтай. Таун хаусын давуу тал нь дэд бүтэц татах зардал сингл  хаусаас  хоёроос  гурав дахин бага гарна. Тиймээс гэр хорооллыг таун хаус хэлбэрээр хөгжүүлмээр санагдаад байна. Жишээлбэл 1870 онд Англи Улсын Лондон хотод өнөөдрийн Улаанбаатараас хоёр дахин их утаатай байсан. Тэд “таунхаус” барьж утаанаас ангижирсан байдаг. 1870 он бол 19-р зуун, одоо бол 21-р зуун бидэнд Лондон хотын түүх бас бэлэн туршлага байна. Мөн Ерөнхий сайд Монгол Улсын газар нутгаар газын хоолой өнгөрөөх талаар ОХУ-тай гэрээг үзэглэлээ. Харин одоо БНХАУ-тай тохиролцох хэрэгтэй байна. Хэрэв газан хоолой манай улсаар дамжин өнгөрөх бол  эдийн  засагт өндөр үр өгөөжтэй ба агаарын бохирдлыг бууруулахад онцгой нөлөөлнө. Эрчим хүчийг болон гэр хорооллын халаалтыг газаар шийдэж болох юм. Бид гэртээ төвийн халаалтай нөхцөлд байрны температур дундаж температур   үргэлж   +25   аас +30 хэм байдаг. Харин газаар халааж байгаа нөхцөлд тухайн өрх дулаанаа өөрөө удирдах боломжтой учраас зардлын хувьд хэмнэлттэй. Гэтэл одоо бид бүх нөхцөлд байнгын 30 хэмийн дулаантай орон сууцанд амьдарч байна. Нөгөө дулааны илүүдэл зардал. Алдагдсан боломжийн зардал нэмэгдээд байгаа юм.

-Ийм болгоход хэр хугацаа шаардагдах бол?

-Энэ боломжууд нээгдэхэд мэдээж хугацаа орно. Гэхдээ бид хугацаа орно гээд хараад суугаад байж болохгүй. Гэр хорооллыг үе шаттайгаар орон сууцжуулах, бусад шийдэж болохоор  асуудлаа   шийдээд л явж байх ёстой. Энд нэмж хэлэхэд одоо төлөвлөж байгаа шинэ барилгууд ялангуяа гэр хороолол дахин төлөвлөлтийн барилгуудыг газан холой оруулж төлөвлөх хэрэгтэй байна.

-Үнэхээр хуулиа мөрдүүлээд, хотынхоо төлөвлөлтөөр явбал сайхан болох байх. Гэхдээ энэ бол урт хугацаандаа хийгдэх ажил. Ойрын хугацаандаа энэ гэр хорооллын утааг түлш болон зуухаар багасгах нь хэр оновчтой шийдэл вэ?

-Улсын хэмжээний асуудлыг урт хугацаандаа, дунд хугацаандаа, богино хугацаандаа гэж төлөвлөнө шүү дээ. Урт хугацаандаа бол гэр хорооллыг ахин төлөвлөлтийн асуудал яригдана. Харин богино хугацааны  төлөвлөгөөнд багтдаг нийслэлийн утаа энэ жил харьцангуй багассан. Тоон үзүүлэлтээрээ ч 40 хувь буурсан гэсэн тооцоолол гарсан байсан. Гэхдээ үүний цаана яндангийн утанаас гадна автомашины утаа маш их байна. Автомашины утаанаас    үүдэлтэй    өвчлөл их байдаг. Эрүүл мэндийн байгууллагын судалгаа ч байдаг юм билээ. Ихэнхдээ бага насны хүүхэд өвчлөлд өртдөг хүүхдээ хөтлөхгүйгээр, тэвэрч яв гэдэг зөвлөмж хүртэл  байдаг  шүү дээ. Тиймээс автомашины насжилтыг багасгамаар байгаа юм. Өөрөөр хэлбэл 10 жилээс дээш насжилттай автомашиныг гаалиар оруулж ирэхийг хязгаарлачихсан. Үүнтэй адил арван жил болсон автомашиныг нийслэлд явуулахгүй байх хязгаар тавьж шийдвэр гаргах хэрэгтэй. Олон жил болсон автомашин маш их хорт утаа ялгаруулж байгаа. Дээр нь түгжрэлд асаагаад зогсохоор хоёроос гурав дахин илүү их утаа ялгаруулдаг гэдэг судалгаа байдаг. Яг  ингээд  хязгаар тавих гэхээр баян хоосны ялгаа гээд асуудал яриад эхэлдэг. Гэхдээ бид шийдэл гаргаад л явах ёстой. Харин хөдөө орон нутагт нийтийн тээвэр болон хотын бөглөрөл байхгүй учраас насжилт харгалзахгүйгээр явуулж болох талтай. Жишээ нь Герман улсын Берлин хотод дизель хөдөлгүүртэй автомашин хотын төв рүү оруулж ирэхгүй гэсэн журам байдаг. Уг нь Герман улс дизель автомашин их унадаг. Гэхдээ Берлин хотод дизель    машин    оруулдаггүй. Учир нь  дизель түлшнээс  их хэмжээний хорт утаа гардаг болохоор хүний эрүүл мэндэд нөлөөлдөг нөлөөлөл их гэж үзээд дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэхүү журмаа ард иргэд нь ч таатай хүлээж авдаг, учир нь өөрсдийн эрүүл мэндэд шууд хамааралтай болохоор. Харин Монголд эдийн засгийн талаас нь авч үзвэл одоогоор дизель, бензин, хий гэж ангилах боломжгүй байна л даа. Тиймээс ядаж  насжилт  дээрээ л зааг гаргаад өгөх хэрэгтэй. Мөн автомашины дугаарын хязгаарлалт хийдэг өдрийг нэмэх хэрэгтэй. Ингэж байж нийтийн тээврийг хөгжүүлэх боломжтой.

-Нэг хэсэг автозамын хязгаарлалт гэж гаргах гээд олны эсэргүүцэлтэй тулгараад болиулсан. Энэ таны хувьд зөв шийдэл байсан уу?

- Уг нь энэ зөв шийдэл байсан. Би Англи улсад сурч амьдарч байсны хувьд дахиад л Англи улсын жишээг ярих  гээд байна. Нөгөө талаар Англи улс Манайх шиг нөхцөл байдалд орж  байсан   туршлагатай улсын   хувьд   харьцуулж байгаа юм шүү. Лондон хот 13 тойрогтой. Нэгдүгээр тойрог бол Улаанбаатарын А бүс. Ингээд нийт 13  бүс болгож хуваагаад бүс болгоны нийтийн тээврийн үнийн тариф нь харилцан адилгүй  байдаг.  Жишээ  нь нэг ба хоёрдугаар тойргийн нийтийн тээврээр үйлчлүүлэх билет худалдаж авах юм бол хоёр ба гуравдугаар тойргын билетний үнээс 50 хувиар илүү үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэгдүгээр тойргоор орохгүй зорчихоор бол нийтийн тээвэр нь хямд. Энэ нь хотын төвийн авто машин болон явган хүний ачаалалыг багасгах зорилготой юм. Хотын бодлого  ингэж гарч байж замын хөдөлгөөн сайжрах байх. Энэ хүмүүсийг эдийн засгийн хөшүүргээр нь зохицуулаад байна. Англи улс манай нэг аймгийн газар нутаг шиг газартай. Гэтэл нийслэл нь түүнээс л бага гэсэн үг биздээ. Английн нийслэлд нь 17 сая, Улаанбаатарт 1 сая хүн амтай. Дээр нь Лондонгийн  зам манай Улаанбаатарын зам шиг нарийхан..

-Хотын түгжрэлтэй холбоотойгоор Их дээд сургуулиудыг хотоос гаргах асуудлыг их ярьж байгаа?

-Их дээд сургуулиудыг хотоос гаргах асуудал маш зөв. Оюутны хотхон байгуулаад хотоос гаргачихвал тэд хотхон дотроо амьдраад байна. Оюутнууд мөнгө олохын  тулд  таксинд явж байгаатай нийтлэг таардаг. Тэр хүн хэдийд нь суралцаж, хэдийд нь номын санд сууж хичээлээ бэлдэх вэ… Харин “кэмп” буюу оюутны хотхон байгуулаад тэнд амьдарч сурах юм бол илүү үр өгөөжтэй байх болно. ШУТИС, МУИС, ХААИС

гээд томоохон сургуулиудыг гаргах хэрэгтэй. Эдгээр том сургуулуудийг нүүлгэвэл тэр хэмжээгээр замын түгжрэл эрс багасах болно. Тэднийг явуулж бид нар үлдэх гээд байгаа юм биш шүү. Харин тухайн оюутанд суралцах боломжийг нь, түүний цаана байгаа гэр бүлд нь эдийн засгийн хувьд сурах орчны хувьд маш их хэмнэлт, маш их боломж гарна. Одоогийн оюутнууд хичээлдээ явахдаа бүгд тус тусдаа автомашинтай болчихсон байгаа нь хотын түгжрэлийг их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа.

-Боловсролын салбарт бүтээн байгуулалт урьд өмнөх жилүүдээс их хийгдлээ. Одоо нийслэлийн сургуулийн хүрэлцээ хэр болсон бэ... Мөн та Англи улсад сурч байсны хувьд тухайн улсын ерөнхий боловсролын сургуулийн зохион байгуулалтын талаар ярихгүй юу… Монголын нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан нийслэлийн сургуулийг гурван ээлжээр хичээллэдэг байсныг хоёр ээлжээр хичээллэдэг болгоно гэсэн амлалт биелж байна. Олон сургуулийн өргөтгөл, шинэ сургуулиуд баригдлаа. Улсын хэмжээнд БСШУСЯ-ны захиалгат 265 орчим төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна. Харин Англи улсын хувьд Ерөнхий боловсролын сургуулууд бүгд тусдаа байртай үйл ажиллагаагаа явуулдаг, бага анги, дунд анги, ахлах анги нь тусдаа зохион байгуулалттайгаар хичээллэдэг. Монголд тийм боломж хараахан бүрдээгүй байна. Бага, дунд ахлах ангиуд нэг дор хичээллэснээр тэр орчинд хүүхдийн эрх байнга зөрчигддөг. Дээд ангийнхан бага ангийнхнаа шоглох, дээрэлхэх байдал үүсдэг гэж үздэг учраас бага, дунд ахлах ангиар нь тусад нь байлгадаг. Мөн бага сургуулиудынх нь стандарт дандаа нэг давхар байдаг.

 

-Орон нутагт сургууль, цэцэрлэг бослоо гээд мэдээллүүдийг харсан. Гэвч анги дүүргэлтгүй сургууль их байна гэдэг. Яагаад сургууль илүүдэх орчинд сургууль нэмж бариад байгаа юм бол?

-Ийм асуудал гарсан. Гэхдээ одоо хэрэгжсэн төсөл хөтөлбөр сургууль   хэрэгцээтэй,   дандаа хүүхдийн даац хэтэрсэн газруудад хэрэгжиж байна. Манай Барилгын хөгжлийн төв дээр Хүн амын нутагшилт бүс нутгийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтэц судалгаа төлөвлөлтийн хэлтэс гээд хоёр хэлтэс байгуулагдсан. Тиймээс сургуулийн илүүдэлтэй, нүүдэл суурьшил ихэссэн энэ асуудал дээр хариулт өгч шийдлийг гаргах судалгааг есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумаар явж хийсэн. Энэ судалгааг хийснээр тухайн суманд яг хэдэн хүн амтай үүнээс сургуулийн насны мөн цэцэрлэгийн насны хүүхдүүд хэд байна гэх мэт судалгааг хийсэн. Хэд нь сурч байна. Тэр хэрэгцээг хангахуйц хаана ямар сургууль, цэцэрлэг, эмнэлэг шаардлагатай байгааг мэдэх боломжтой болох юм. Мөн ямар шалтганаар төврүү нүүж шилжин сууршиж байгааг, орон нутагт эдийн засгийн хөшүүрэг юу байна гээд олон талаас нь судалж байгаа. Тухайлбал аймагт ойролцоо сум, суманд ойролцоо баг байвал сумын сургуульд хүүхдээ өгөх асуудал байна. Хөдөөнөөс хүүхдээ дагаж ээж нар нь ирж сумын төвд амьдрах гэдэг юмуу нөгөө өрх дотор өрх үүсч байгаа асуудал ч тулгарсан. Хамгийн эхний шалтгаан нь зургаан настнууд. Малчид бага насны хүүхдээ дотуур байранд өгөхөд тухайн нөхцөл нь маш хүнд байна.

-Нийслэлийн алслагдсан дүүрэгт, орон нутагт 00 асуудал ихээр тавигддаг. Сургуулийн бүтээн байгуулалтад 00 асуудлыг шийдэж өгч байгаа юу?

- Бид 21-р зуунд ганган хувцаслаж, орчин үеийн iPhone, Samsung гэх мэт утас барьж, том том ганган машин унаж, шинэ техник технологитой боллоо гэх мэтээр дэлхийтэй хөл нийлүүлэн алхах бүх зүйлээ хийчихсэн байна. Гэхдээ нэг зүйлээ мартчихсан. Тэр нь модон жорлонгоо 21-р зуундаа хэрэглэсээр байгаа. Модон жорлонгоос салахгүй бол бид хөрсний бохирдлоос сална гэдэг ойлголт байхгүй. Тиймээс энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Сургуулийн хувьд сүүлийн үеийн бүх бүтээн байгуулалтуудыг халуун, хүйтэн устай холбож, дотроо 00-той, гар угаагууртай хийхийг шаардаж, хяналт тавьж байна.  Би  намар  БСШУСЯ- ны төрийн нарийн бичгийн даргатай баруун таван аймгаар ажилласан. Тэгэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийн дотуур байрны бие засах газар (модон жорлон) 100-150 метр зайтай. Дотуур байрны зургаан настангууд өвөл -40 хэмийн хүйтэнд бие засах гэж 100 метрийн цаана байгаа модон жорлонд очдог байсан. Дээр нь жорлон нь мөсөн “каток” үүсчихсэн. Зургаан настангуудын асуудал хөдөө орон нутагт маш хэцүү байдалд байгаа.

-Судалгаанаас харахад их дээд сургууль төгсч байгаа барилгын салбарын инженер техникийн ажилтнууд их байх юм. Гэвч амьдрал дээр ажлын байрны нийлүүлэлт ихэсч, ажиллах хүчин хомсдол үүсээд байгаа. Энэ юутай холбоотой вэ?

-Үнэхээр тийм. Монголд их дээд сургууль төгсч байгаа   мянга   мянган дээд боловсролтой сэхээтнүүд бий болж байна. Үүн дотор инженерүүд ч орно. Би үүн дээр боловсролын асуудлыг яримаар байгаа юм. Манайд есдүгээр ангид хүүхэд элсүүлэхэд улаан шугам татаж элсүүлдэг байсан. Улаан шугамны дор орсон хүүхэд сонирхолынхоо дагуу ТМС буюу одоогоор бол Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг. Гэтэл одоо бүгд их дээд сургуульд элсч дээд боловсрол эзэмшихийг зорьж байна. Мэдээж бололгүй яахав. Гэхдээ үүн дээр чанарын асуудлыг мөн ярих хэрэгтэй. Их дээд сургууль төгссөн дээд мэргэжилтэй хүн хэзээ ч хар бор ажил хийдэггүй. Тийм хэрнээ мэргэжилдээ тэнцдэггүй. Тухайлбал Английн дунд ангийн боловсрол хоёр янз байсан. Онолын ба практикийн анги. Практикийн ангид суралцаж байгаа хүүхэд гурван өдөр танхимын хичээл орж, гурван өдөрт нь дадлага хийдэг. Оёдол, мужаан гээд хүүхдийг тэр чиглэлээр нь хөгжүүлдэг. Ингээд явахаар тэр сурагч мэргэжилдээ дуртай болж эхэлдэг. Тэгээд ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө чадваржаад хүсвэл цааш сурах шаардлагагүйгээр ажлын  байранд  гардаг. Тиймээс Монголд ядаж л их дээд   сургуулийг    бодитоор нь аттестатчлаад, тухайн чиглэлээр  нь   мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болгох хэрэгтэй. Тухайлбал барилгын инженер бэлдэж байгаа   сургуулиуд   чанартай, чадвартай засварчин, өрлөгчин бэлдэх хэрэгтэй байна. Үнэхээр засварчид олдохгүй байна. Мэргэжилтэй ажилтнууд дутмаг байна. Тийм хэрнээ диплом барьсан инженерүүд их. Хатуухан хэлэхэд худалдагч хийж байгаа бакалаврын дипломтой хүмүүс их болж. Бусад Улсад ажилд ороход бакалаврын диплом гэж нэхэхээс илүүтэйгээр та юу хийж чадах вэ, ямар чадваруудыг та эзэмшсэн вэ гэдгийг асууж ажилд авдаг. Түүний дараа дипломыг нь үздэг. Харин манайд бол эхлээд дипломыг нь шаардаад түүн дээр тавигдсан дүнд ач холбогдол өгөөд байгаа юм.

-Сургуулиудыг аттестатчилах гэдэг ер нь их зөв санал байна?

-Заавал их дээд сургууль гэлтгүй  Монголд  Харвардын их  сургуулийн  төлбөрөөс өндөр төлбөртэй ерөнхий боловсролын сургууль байна. Сургуулийн төлбөр дээр хязгаар тогтоож өгөх хэрэгтэй. Жилд 30-40 мянган ам.доллараар сургуульд сураад дараагийн шатны Дээд боловсрол 3-4 сая төгрөг болоод үнэгүйтчихэж. Боловсролын    салбар    маш их ялгаатай байна. Хувийн цэцэрлэгийн дээд талын сарын төлбөр 1 сая төгрөг, дундаж нь 300 мянган төгрөг байна. Урсгал зардалтайгаа жилийн  төлбөр нь дунджаар 8 сая төгрөгөөр эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулж байх жишээтэй.  Тэгвэл ийм өндөр төлбөр авч байгаа цэцэрлэг, сургууль төлбөртэйгөө дүйцэхүйц хүмүүжлийг олгож чадаж байгаа юу гэдэг бас асуудал. Тиймээс боловсролын Төрийн захиргааны төв байгууллагаас шалгалт явуулж аттестатчилах хэрэгтэй  болов уу. Боловсролын байгууллага ашгийн бус байгууллага байх ёстой гэсэн байдаг. Гэтэл жил бүр хэдэн мянгаар тоологдох ам. доллар нэхээд байх нь зөв үү.

-Танай салбарын бас нэг том ажил бол Улаанбаатарын өмхий үнэрийг багасгасан гэсэн үнэлүүштэй ажил болсон?

-Засгийн газраас үүрэг өгсний дагуу манай  яам  зундаа өмхий үнэртдэг байсныг арилгаж чадлаа. Барилга хот байгуулалтын яам сүүлийн 40- 50-жил хуримтлагдсан лагийг технологийн нөхцөлөөр бордоо болгосон. Үүгээр өнгөрсөн зунаас  авахуулаад   лагийн үнэр   харьцангуй   багассан. Эко тэхи гэж компани нь Япон улсын “Эко энержи систем” компанитай хамтран цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлж, эко бордоо үйлдвэрлэх төслийг хоёр жилийн хугацаанд хийж амжилттай хэрэгжүүлж дууслаа. Үр дүн нь маш сайн гарсан.

Ярилцсанд баярлалаа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Шууданч [64.119.19.xxx]

    Улаанбаатарын хот төлөвлөлт бол Улаанбаатарын шавалдсан баахан шавар тагзнууд шүү дээ. Хот төлөвлөлтийнхний завааруулсан үеийнхийг хэзээ шүүх вэ...

  • Зочин

    Зочин [202.55.188.xxx]

    Замбараагүй барилгуудаа яах вэ?

  • Зочин

    гэгээн хүсэл [203.98.76.xxx]

    үнэхээр монголчууд хотоо төлөвлөж чадахгүй л байгаа. хотоотөлөвлөөд төлөвлөгөөгөөрөө явдаг бол ингэж нийгмийн бухимдал үүсэхгүй

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?