ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОНО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 09:09

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо. Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна.

Швейцарын Давос хотноо өнөөдөр эхлэж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы жил тутмын уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцоно.

Дональд Трамп Давосын чуулганд хамгийн сүүлд 2018 онд оролцож байжээ. Түүний эргэн тойронд “импичмент”-ийн шүүх хурал, Ирантай холбогдсон асуудал гээд олон үйл явдал өрнөж байгаа аж. Өнгөрсөн онд Засгийн газрынх нь үйл ажиллагаа зогссоны улмаас АНУ Давосын чуулганд ямар нэг төлөөлөгчөө илгээгээгүй юм.

Үүнээс гадна Ираны талаас энэ жилийн Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохгүй. Учир нь тус улс өнгөрсөн долоо хоногт Украины онгоцыг унагаж сөнөөсний дараа Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалууд өрнөж, Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани олон улсын шүүмжлэлд өртөх болсон юм. Харин Украины Ерөнхийлөгчийн Давосын чуулганд оролцох хуваарь хэвээрээ байна.

Энэ жил Давосын чуулганы 50 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ онцлог болж байна. Нэгдүгээр сарын 21-24-нд болох энэ удаагийн чуулган “Тогтвортой хөгжлийг цогцлоох оролцогч талууд” сэдвийн дор зохион байгуулагдана. Хэлэлцэх гол асуудал нь орлогын тэгш бус байдал, нийгмийн хуваагдал, уур амьсгалын хямралыг шийдвэрлэх хүрээнд оролцогч талуудын капитализмын талаарх ойлголтыг шинэчлэхэд чиглэх юм.

Уулзалтад 117 улсын 3000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 50 гаруй нь Төр, Засгийн тэргүүн нар байна. Тухайлбал: Германы Канцлер Ангела Меркель, Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева нар чуулганд оролцоно.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 09:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?