ЭЛЧИН САЙД А.БАТТӨРИЙГ ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИД АЛБАДАН СААТУУЛЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-14 12:21

Сэтгүүлчийн үг

Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан гэх хэргээр АТГ-т шалгаж буй. Түүнийг дипломат ёсоо зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж визний хураамжийн мөнгийг хууль бусаар цуглуулсан, түүнийгээ офшор бүсэд угаасан, тэр хөрөнгөөрөө усан үзмийн талбайтай тансаг харш худалдаж авсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгагдаж байгаа гэх мэдээлэл ч бас бий.

Энэ хэргийн хүрээнд өнгөрсөн АТГ-аас Франц дахь Монголын Элчин сайдын яаманд нэгжлэг хийсэн агаад А.Баттөрийг өнгөрсөн 12 дугаар сард гадаад дахь Элчин сайд нар Монголд цуглараад байхад нь хилийн хориг тавьсан. Түүгээр зогсохгүй Элчин сайд А.Баттөрөөс гадна түүний эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан нарын нэр дээр хуулийн байгууллагынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Тодруулбал, Польшийн Цагдаагийн газраас Монгол Улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж эхэлсэн тухай өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хурал дээр тус хорооны дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анх мэдэгдсэн. Гишүүний Польшийн хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа мэдээллийг ирүүлсний зарим нь дипломат төлөөлөгчийн газар, зарим нь Монгол Улсын төрийн албанд, улс төрийн намын удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс байна гэсний дунд Ц.Баярмаа, М.Батсайхан нар байгаа юм байна. Ц.Баярмаа, М.Батсайхан нарыг тамхины хууль бус наймаанд оролцож Польш улсын хуулийг зөрчсөн, онцгой албан татвартай бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн бололтой.

Уг нь А.Баттөр бүх насаараа гадаад харилцааны салбарт ажилласан нэгэн. Гэвч улсынхаа нэр хүндийг умартан албан тушаалаа урвуугаар ашигласан түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр албадан саатуулсан бөгөөд  30 хоногийн хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-14 12:21

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?