ШИНЭ НАМ, ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХААГДСАН ХЭРГҮҮДИЙГ СЭРГЭЭХИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-14 10:21

Сэтгүүлчийн үг

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаар зээлийн мэдээллийн сангийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Монголбанкны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. Тус мэдээллийн сан дахь хар жагсаалтаас болж олон мянган аж ахуйн нэгж, иргэд санхүү, бизнесийн харилцаанд орж чаддаггүй. Иймд уг жагсаалтад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлж, жагсаалтыг хүчингүй болгох, санхүүгийн харилцаанд оролцох эрхийг нь сэргээж өгөх саналыг ШИНЭ намын зүгээс Монголбанкны удирдлагуудад тавьлаа. Мөн төгрөгийн ханшийг тогтворжуулах асуудлыг хэлэлцсэн байна.  2016 оны наймдугаар сард 1800 төгрөг нэг ам.доллартай харьцаж байсан бол өнөөдрийн байдлаар 2737 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байна. Гуравхан жилийн дотор төгрөгийн ханш 1000 төгрөгөөр суларч, халаасандаа 10.000 төгрөгтэй байсан хүн 1000 төгрөгөө, сая төгрөгийн цалинтай байсан хүн 100.000 төгрөгөө алдаж байгаа нь Монголбанк болон Засгийн газрын буруу бодлоготой шууд холбоотой гэж ШИНЭ намын зөвлөл үзжээ. Өнгөрсөн долоо хоногт гаргасан 900 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийг хаахад зарцуулах шийдвэр ч гэсэн Монгол төгрөгийн ханшийг сулруулах магадлалтай тул сэргийлэх арга хэмжээ авахыг Монголбанкны удирдлагуудад санууллаа хэмээн УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан мэдэгдлээ. УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Зөвлөлийн дарга Л.Болд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад бэх нь хатаагүй байхад эхнээсээ хуулийн заалтыг уландаа гишгэж байгаад ШИНЭ нам харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас оруулж ирсэн Тэтгэврийн зээл тэглэх хуулийн үзэл баримтлал маш буруу, үүнийг өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг ШИНЭ нам тавьсан боловч Улсын Их хурал дээр олонхоороо хүч түрэн, муйхарлаж баталлаа. ШИНЭ нам зээл аваагүй ахмадуудыг хохироож, ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн шаардлага тавихад нэг сая төгрөгийн үнэт цаас өгнө гэж хуурах маягаар бидний саналыг хагас дутуу тусгасан. Үүнд сэтгэл дундуур байгаа. Зээл тэглэх нэрээр Монгол Улсын тэтгэврийн насны бүх ахмадыг өөрийнхөө хууль ёсны орлогыг барьцаалж, банктай зээлийн харилцаанд орох эрхийг хааж байгаа нь мөн Үндсэн хууль зөрчсөн явдал. Бас л ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээлийн харилцааг нь хязгаарлаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт, оройтож зарласан ч гэсэн маргааш нь Д.Сүхбаатарын талбайд ирж бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан ахмадуудын тоо 15 мянгад хүрсэн. Одоо нэгэнт зургаан сая төгрөгөөр зээлтэй ахмадуудын зээлийг тэглэх шийдвэр гаргаж байгаа юм бол нийт ахмадын тэгш эрхийг хангаж, 3 сая төгрөгийг бэлнээр, 3 саяыг үнэт цаас хэлбэрээр олгох хуулийн өөрчлөлтийг ШИНЭ намаас санаачилна" гэлээ. ШИНЭ намын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Орон нутгийн сонгуулийн тухай хууль. Тус намын санаачилгаар оны өмнөхөн парламентад суудалгүй улс төрийн намууд хамтран Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар санал солилцож, байр сууриа нэгтгэсэн билээ. Энэхүү саналыг ШИНЭ намын дэд дарга, хуульч Ц.Баттуяа танилцуулсан юм.

Тодруулбал

1. “Сум, дүүргийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөнө.”, “Улс төрийн нам орон нутгийн сонгуульд оролцож үл болно.” гэсэн заалтууд оруулахаар тусгасан байна. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд “Сум, дүүрэгт улс төрийн намын салбар нэгж байгуулж үл болно” гэсэн заалт нэмж хуульчлах санал ч гаргалаа. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд намууд оролцохгүй болж, сум, дүүрэгт нам байгуулахыг хязгаарласнаар улс төрийн намуудын санхүүгийн хэрэгцээ багасаж, хөрөнгө чинээтэй хүмүүсээс хамаарах хамаарал буурна. Төрийн албаар дамжин санхүүжилт босгох шаардлага хумигдана. Орон нутгийн хөгжлийн бодлого тогтвортой, залгамж чанартай болно. Халаа сэлгээ багасаж, төрийн алба хаагчдын ажлын байр баталгаажиж, мэргэжлээрээ мэргэших, хөгжих боломж бололцоо нэмэгдэнэ. Намууд хоорондоо өрсөлдөж, хөрөнгө хүчээ барах бус, сум, дүүрэг, хороо, багууд хөгжлөөрөө уралддаг болно гэж үзлээ.

2. Сурталчилгааны хугацааг нэг сар болгох

3. Мөрийн хөтөлбөрт ёс төдий аудит хийлгэх үүрэгжүүлсэн заалтыг хасч, сонгогчдоор шүүлгэдэг болох

4. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, төрийн албанд 10 жил хүртэл ажиллахгүй байхаар хуульчлах.

5. Сонгуулийн ирцийг 50+1 хувь байхаар хуульчлах зэрэг санал тусгасан байна. Зөвлөлийн хурлаар мөн өнгөрсөн 7 хоногт УИХ-аар хэлэлцсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Хөөн хэлэлцэх хугацааны талаар мэдээлэл сонслоо. Хөөн хэлэлцэх хугацааны зарчмаар хуулийн хариуцлага хүлээхгүй үлдээд байгаа олон хэргийг нөхөж шалгах бололцоо үүсэж байгаа тул ШИНЭ намын зөвлөл уг хуулийн төслийг 100 хувь дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-14 10:21

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [150.129.143.xxx]

    Амжилт

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?