ШАРЫН ГОЛ УУРХАЙ ДАМПУУРЛАА ЗАРЛАХАД ТУЛАВ УУ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-13 10:14

Сэтгүүлчийн үг

“Шарын гол” ХК нь 1965 оноос дотоодын цахилгаан станцуудад нүүрс нийлүүлж ирсэн Монголын ууган уурхайнуудын нэг. Харамсалтай нь  Шарын голын нүүрсний уурхай санхүүгийн хүндрэлээс шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчээ.

“Шарын гол” ХК-ийн олборлосон нүүрсийг төрийн өмчит компаниудад нийлүүлэх үнийг Эрчим хүчний зохицуулах хороо сүүлийн жилүүдэд хатуу тогтоож ирсэн. Тухайлбал, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр “Шарын гол” ХК-иас “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлэх эрчим хүчний нүүрсний үнийг тонн тутам нь 40500 төгрөг байхаар тогтоожээ.

Гэвч компанийн нүүрс олборлолтын бодит өртөг үүнээс 6000 төгрөгөөр илүү байгаа бөгөөд энэ зөрөөнөөс үүдсэн санхүүгийн алдагдал компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн бололтой. Эх сурвалжийн өгүүлснээр хөрс хуулалтын хоцрогдлыг бий болгосон нь нүүрс олборлолтын өртөгт шууд нөлөөлсөн аж.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар компанийн өр 45.6 тэрбум төгрөгт хүрчээ.

Дашрамд тэмдэглэхэд, Шүрэн гал. Шарын гол гэдэг нэрний гарвал энэ үгтэй холбоотой тухай нутгийнхан домог хүүрнэх нь бий. Домогт эрт цагт Шарын голын хөндийд амьдарч агсан хүмүүс газрын хэвлийгээс ил гарсан нүүрс шатахыг хараад шүрэн гал гэж нэрийдэж, улмаар шүрэн гал гэдэг үг цагийн уртад хувирч Шарын гол гэх болсон тухай өгүүлдэг. Хуучнаар ЗХУ-ын цэргүүд Шарын голын хөндийд 1940-өөд онд худаг өрөмдөхөд нүүрс байгаа нь илэрчээ. Ингээд 1950-1960 онд Шарын голын хөндийн хэвлий дэх нүүрсийг ЗХУ-ын геологичид судалсан түүхтэй.  Судалгаагаар Шарын голын хөндий ойролцоогоор 100 сая тонн нүүрсний нөөцтэй гэж дүгнэсэн байдаг. Тухайн үед Шарын голын ар тал буюу одоогийн Шарын гол сумын төв оршдог газар, мөн ойролцоох Шаазгайт хэмээх газар, одоогийн ам нээн олборлож байгаа үндсэн ордод нүүрсний нөөц бийг тогтоожээ. Гэвч социалист нийгмийн үед үндсэн ордоос бусад хэсгийг нарийвчлан судлаагүй аж. Тэгээд үндсэн ордод ам нээн 1965 оноос нүүрс олборлож эхэлжээ. Тэр цагаас хойш Шарын голын уурхай тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд төрийн өмчийнх байсан энэ уурхай 2003 онд хувийн хөрөнгө оруулагчдын мэдэлд бүрэн шилжсэн. Төр анх 1995 онд хувьцаат компани болгон өөрчилсөн ч хөрөнгийнх нь 80 хувийг мэдэлдээ үлдээсэн. Улмаар төрийн мэдлийн хувьцааг хөрөнгө оруулагчид худалдан авсан юм. Шарын гол” компанийн хувьцааны тодорхой хэсгийг 2010 онд АНУ-ын “Firebird management” хөрөнгө оруулалтын сан худалдан авснаар хуучин цагийн уурхай шинэчлэлийн замд орсон гэж болно. Төд удалгүй “Firebird management” 5.4 тэрбум төгрөгийн хувьцаанд хөрвөх хөрөнгө оруулж, нөөцийг нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг JORC стандартад нийцүүлэхээр нарийвчилсан судалгаа хийсэн. Ингэснээр нөөц нь 370 сая тонн болж өссөн гэх сайхан мэдээ дуулдаж байсан цаг саяхан...

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-13 10:14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?