АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 28 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-13 09:38

Сэтгүүлчийн үг

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 28 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба эхний гурван хууль  намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг. Үндсэн хуулийн эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг амилуулан иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны Улсын Их Хурал бүрдүүлсэн билээ. 

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992, онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-13 09:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?