ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ДУУССАН АВЛИГЫН ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ СЭРГЭЭН ШАЛГАНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-13 09:20

Сэтгүүлчийн үг

    Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаан 11 цаг 47 минутад 50.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 15 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

    Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төсөлд “нэг бодыг гурван богоор” гэснийг ямар үндэслэлээр өөрчилж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан болно.

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.4-т заасны дагуу хууль санаачлагчдад танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн нэг төсөл болгожээ.

    Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна гэж үзэн тус ялын төрлийг хасах, олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай байгаа тул найман бог, хоёр бод байхаар зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэсэн болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулсан юм. 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, А.Сүхбат, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-очир, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа нар асуулт асууж, тодруулга хийсэн. Хоёр бод, найман бог хулгайлсан тохиолдолд гэхээр энэ тоонд хүргэхгүй мал хулгайлвал гэмт хэрэгтнүүд ял завших эрсдэлтэй тул өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэж байхыг малчид хүсч буйг Ж.Мөнхбат гишүүн хэлж байв. Тэрбээр нэг бод, эсвэл долоон бог хулгайлсан хүн ямар хариуцлага хүлээх вэ хэмээн тодрууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хариулахдаа, бусдын малыг хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр 6 сараас 5 жил хүртэл хорих ял эдлүүлэхээр заасан. Давтан болон зохион байгуулалттай бүлэглэн үйлдвэл 5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалт төсөлд тусгагдсан байна. Харин хүндрүүлэх нөхцөлөөр мал хулгайлсан бол 2-8 жил хорих ял оногдуулах зохицуулалт төсөлд бий гэдгийг хэллээ. Мал хулгайлах гэмт хэрэгт бүрд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн өөрчлөлтийг хийж байгааг Г.Тэмүүлэн гишүүн хэлж байв. Тэрбээр мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авах зохицуулалтыг төсөлд тусгасан нь хэвээрээ эсэхийг тодруулж хариулт авсан. Малын хулгайтай тэмцэхдээ ялын бодлого чангатгахаас гадна бусад арга хэмжээг авах тал дээр холбогдох талууд анхаарах нь зүйтэй гэдгийг гишүүн хэлсэн. Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас үүдэн хувь иргэдийн амьдралд ноцтой хохирол гарч байсан тохиолдлууд бий гэдгийг хууль тогтоогчид сайтар тооцож, асуудлыг иж бүрнээр нь харж эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстойг Д.Лүндээжанцан гишүүн хэлж байв. Засгийн газрын зүгээс малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлж байв. 

    Ийнхүү гишүүд асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт тайлбар авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явууллаа. Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Эрүү болон Зөрчлийн багц хуулиудыг баталлаа

    Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. 

    Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон нэр томъёоны талаарх найруулгын саналыг төсөлд тусгасан жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд эцсийн хувилбарын төсөл, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Д.Ганболд гишүүн танилцуулсан юм. 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Байнгын хорооноос бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй санал бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэв. Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 28 буюу 70 хувийн саналаар дэмжин баталлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувийн саналаар, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувийн саналаар баталлаа. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжин баталсан юм. Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, баталлаа. 

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталлаа 

    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 19, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан дээрх хуулийн төслийг боловсруулан, батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Иймд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо шийдвэрлэсэн талаар Д.Ганболд гишүүн танилцууллаа.   

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж Байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ажлын хэсгийн гишүүдээс хариулт тайлбар авав. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий гэдгийг Х.Нямбаатар гишүүн тайлбарласан. Тухайлбал, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон байдаг. Энэ конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, процессын хэм хэмжээний дагуу хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан. Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад нэгдсэн бөгөөд энэ пактын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж заасан байдаг учраас гэм буруугаа шүүхээр шийдүүлээгүй тохиолдолд энэ зохицуулалтад хамрагдахгүй гэдгийг тайлбарлаж байв. Эрүүгийн хууль бол материаллаг хэм хэмжээ бөгөөд үүн дотроо процессын цөөн хэм хэмжээ байдгийн нэг нь “хөөн хэлэлцэх тоолох аргачлал” юм байна. Үүнтэй холбоотойгоор процессын хэм хэмжээгээр хэргийг дахин сэргээж хэлэлцэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 1.9, 1.10-т хамаарахгүй хэмээн төсөлд тусгасан гэв. Төслийн агуулга, зохицуулалттай төстэй бусад улс орны жишээ олон бий гэдгийг мөн тэрбээр дурдсан. 

    Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн тодруулсны дагуу Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд 4 хэрэг, 2019 онд 9 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

    Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийж дууссаны дараа төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон нийт 42 гишүүний 59.5 хувь нь дэмжиж санал өгснөөр хуулийн төсөл батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-13 09:20

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?