“СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-08 11:08

Сэтгүүлчийн үг

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “Соёлын довтолгоо-2” төсөл, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж байна. Аяны хүрээнд Монгол орны 21 аймаг, нийслэл хотын есөн дүүрэгт тодорхой хуваариудын дагуу дээрх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Зохион байгуулагчдын зүгээс Монголын эмэгтэйчүүдийн байгууллага 20 дугаар зуунд Монгол Улсад соёлын довтолгоо өрнүүлэн, ахуйд соёлын хувьсгал хийж, бүх нийтийг бичиг үсэгт сургах, хүн амыг эрүүлжүүлэх, соёлжуулах, боловсруулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн бол 21 дүгээр зуун, нийгэм цаг үеийн шилжилтийн энэхүү он жилүүдэд, дэлхийн хөгжил, хувьсан өөрчлөгдөж буй шинэ эринд дасан зохицох чадвартай, үндэсний өв соёл, уламжлал ёс жудгаа хадгалж хамгаалах, соёлч боловсон, боловсрол мэдлэгтэй, мэдлэгээ ашиглан баялаг бүтээж хэрэглэж чаддаг, хүмүүнлэг энэрэнгүй шинэ үеийн залуусыг бэлтгэхэд зорьж гэж онцолсон.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи, мансууруулах бодисын нөлөөллөөс залуу үеэ хамгаалах, технологийн дэвшилд суурилсан мэдээллийг зөв шуурхай, хүртээмжтэйгээр хүлээн авч, зөв хэрэглэж заншсан, хөрвөх чадвартай монгол иргэдийг бэлдэхэд ээжүүд, аавууд, найзууд, бүгд нэг зорилготой хамтран ажиллахыг уриалж байгаа аж.  Тус зорилгод үүрэгжин нэгдсэн Монголын нийгэмд зөв үлгэрлэл үзүүлж чадахуйц, салбар салбарын манлайлагч залуусыг МЭХ “СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ”-ээр батламжлан энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн нээлт Эрдэнэт хотоос эхэлсэн агаад нэгдүгээр сарын 9-нд Хөвсгөл, 10-нд Завхан, 23-нд Хэнтий, 24-нд Дорнод, 25-нд Сүхбаатар аймгуудад үргэлжлэх юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-08 11:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?