1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ХУВААРИЛАХ УУ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-11 13:21

Сэтгүүлчийн үг

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаараа иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2019 оны ашгаас иргэдэд ногдол ашиг хуваарлихыг Монгол Улсын Засгийн газар болон “Эрдэнэс Тавантолгой” компанид үүрэг болгожээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд байгуулагдсан байгуулагдсан төрийн өмчит компани. 2016 он хүртэл ашиггүй ажилласан гэж мэдэгддэг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үед манай улс Хятадын Чайлко компаниас мөнгө зээлж авч, эх орны хувь хишиг байдлаар иргэдэд тараасан байдаг. Тухайн өрийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний орлогоор дарж байсан юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 2017 онд 461 тэрбум, 2018 онд 807 тэрбум, энэ оны өнөөдрийн байдлаар 1 их наяд 100 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.  

Өнөөдрийн байдлаар тухайн компанийн нийт хувьцааны 85.2 хувийг  Монгол Улсын төр эзэмшдэг. Үлдсэн буюу 15 хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа ч 0.5 хүрэхгүй хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 сая 511 мянган иргэн эзэмшиж байна. Өнгөрсөн онд тухайн иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг тараана гэсэн шийдвэр гаргаад, дараа нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ, ногдол ашгийг тараалгүйгээр Тавантолгойн бүс нутаг дахь төмөр зам, цахилгаан станцын төслүүдэд хуваарлихаар шийдвэр гаргасан билээ.

Тиймээс “1072 хувьцаа эзэмшигчдийг эрх ашгийг хамгаалах холбоо”, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өнгөрсөн зургаадугаар сард  өргөдөл гомдол гаргасан билээ.  Тэгвэл УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2019 оны ашгаас иргэдэд ногдол ашиг хуваарлихыг Засгийн газар болон “Эрдэнэс Тавантолгой” компанид үүрэг болголоо. Тус хуралдаанаар Уул уурхай хүнд үйлдвэрйин сайд Д.Сумъяабазарын мэдээллийг сонсох байсан ч тэрбээр хуралдаанд ирээгүй юм.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдэд олгох нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдсэн.

УИХ-ын Д.Гарамжавын тавьсан “Ард түмний эзэмшилд байгаа 15 хувь, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа 0.5 хувийг олгох ёстой. Аль ч хуулиараа бодсон, хуулийнхаа дагуу... Хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааны ашгийг эзэмшигчдийн зөвшөөрөлгүй ямар нэгэн юманд зарцуулах, үрэх эрх хаана ч байхгүй. Дэлхийн ямар ч улс орны практикт тийм жишээ байхгүй. Өөрөөр хэлбэл, хүний мөнгийг авч үйл ажиллагаандаа хэрэглэчихээд, дараа нь чиний мөнгийг хэрэглэчихсэн, өгөхгүй гэсэнтэй ялгаагүй.  Энэ бол хуурч залилж байгаа хэлбэр. Хэрэглэж болно. Бүтээн байгуулалтыг дэмжиж байна. Дээр дооргүй төмөр замтай болохыг хүсч байгаа. Төмөр замын хөрөнгө оруулалт ард иргэдийн энэ жаахан мөнгөөр дутаагүй байх. Тийм атал хувьцаагаа олгоно гэсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлын нэгж хувьцаанд 25 төгрөг ногдуулна гэсэн тогтоол гаргачихсан байхад энэ тогтоолыг хүчингүй болгооч гэсэн эсрэг тогтоол бас гарч байгаа юм. Энэ ямар шийдвэрээр гарав. Танай ТУЗ-д хувьцаа эзэмшигчдийг хамгаалах төлөөлөл байна уу?” гэх асуултанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Ганхуяг доорх хариултыг өгсөн.

“25 төгрөг гэж манай ТУЗ шийдсэн байсан. Энэ нь төрд 245.5, иргэд, аж ахйун нэгжид 55.4, компанийн үйл ажиллагаа болон бусад зардлаа хасаж тооцдог. Товчхондоо ногдол ашиг хуваарлих боломжтой цэвэр ашиг нь 300 тэрбум төгрөг.  Үлдэгдэлийг бусад үйл ажиллагаанд буюу “Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийн хөгжлийн хөрөнгө оруулалтанд зарцуулах шийдвэр гарсан. Гэвч дараа нь тодорхой төслийн хөрөнгө оруулалтыг шийдэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас ТУЗ хуралдаж, өмнөх шийдвэрийг өөрчилсөн. “ гэсэн тайлбарыг өгсөн юм.

Өнгөрсөн оны хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн  ТУЗ тухайн ногдол ашийг Тавантолгойн бүс нутаг дахь бүтээн байгуулалтанд зориулах шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Ганхуяг энэ талаар “Ерөнхий сайдаас чиглэл өгсөн. Тодруулбал, иргэдийнхээ 55,4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтанд зарцууллаа ч тодорхой хугацааны дараа буцааж олгох боломжоор хангах хүрээнд ажиллаач гэсэн. Нөгөөтэйгүүр ТУЗ 11 гишүүнтэйгийн дөрөв нь хараат бус. Өөрөөр хэлбэл иргэдийг төлөөлж ажилладаг гэж ойлгож болно. Шийдвэр гарсны дараа хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг дөрөвдүгээр сарын 4-нд  зохион байгуулж, танилцуулсан. “ гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг Олон улсын Хөрөнгийн биржээр арилжаалах, өөрөөр хэлбэл тухайн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах ажил удааширалтай  байгааг ч мөн гишүүд шүүмжилж байсан юм. Ганхуяг захирал харин “2016 оноос идэвхжиж эхэлсэн. Өмнө нь тэр хувьцаа чинь өр тавих хэрэгсэл болчихсон. Улс төрийн хэрэгсэл л байсан.” гэлээ.

Ийнхүү  Өргөдлийн байнгын хорооны  хуралдаанаар  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийг хэлэлцээд, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өглөө.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-11 13:21

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?