УЛААНБААТАР ХОТЫН ХӨРСНИЙ 80-90 ХУВЬ НЬ НЯНГИЙН БОХИРДОЛТОЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-11 10:42

Сэтгүүлчийн үг

Сүүлийн 10-аад жил хөрсний бохирдлын асуудал анхаарал татаж эхэлсэн. Бохирдлыг хоёр ангилж болох талаар судлаачид хэлдэг. Тухайлбал, нянгийн бохирдол нүхэн жорлонгоос үүдэлтэй бол хүнсний худалдаа эрхэлдэг зах, худалдааны төвүүдийн булан тохой, хогийн цэгт шивтрийн бохирдол их хэмжээтэй байдаг аж. Харин хүнд металлын бохирдол шууд үйлдвэрлэлээс үүсдэгюм банйа.

Хэдийгээр манай улсад үйлдвэрлэл бага хөгжсөн ч ноос, ноолуур, арьс, шир боловсруулах үйлдвэрүүд нэг дор шахуу буюу ХУД-ийн хоёрдугаар хороонд байрладаг. Тус бүсийн 10 га орчим газар хүнд металл тэр дундаа хромын бохирдол стандартад зааснаас 15-20 дахин их хэмжээтэй байдаг гэж судлаачид хэлж байна.

Өөрөөр хэлбэл, малын арьснаас үсийг салгах үйлдвэрийн технологид хромын сульфат гэх бодисыг ашигладаг бөгөөд тухайн үйлдвэрийн дэд бүтэц муу, цэвэрлэх байгууламж буюу Харгиагийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учраас гадна орчинд бохирдолтой ус асгардаг. Ус нь ууршсан ч бохирдол нь хөрсөн дээрээ үлдэж, хүн, машины хөдөлгөөнөөр агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний биед нэвтэрч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна. Нийслэлийн тухайд, өөр нэг хүнд металлын бохирдолтой байршил нь Да хүрээ зах орчим. Түүнээс баруун тийш Баянбүрд хүртэл хэсэг нефтийн гаралтай бүтээгдэхүүний бохирдолтой болчихсон. Нефтийн гаралтай бүтээгдэхүүнээс хар тугалга, кадми ялгардаг. Гэхдээ бохирдол нь нэлэнхийдээ биш тодорхой цэгүүдэд байрлалтай байдаг гэлээ.

Хүн амьсгалах түвшин буюу газрын гадаргаас дээр хоёр метр хүртэлх орчны агаараас дээж авч бохирдлыг нь хэмжиж үзэхэд агаарын чанарын стандартад зааснаас 1.5 дахин их агууламжтай байжээ. Товчхондоо, өндөр агууламжтай химийн хортой элемент шууд амьсгалаар дамжин хүний биед орж байна гэсэн үг.

Эцэст нь тэмдэглэхэд, Улаанбаатар хотын хөрсний 80-90 хувь нь нянгийн бохирдолтой. Нянгийн бохирдол үүсгэж байгаа гол хүчин зүйл болон нүхэн жорлонгийн бохирдол дандаа гүн рүүгээ нөлөөлж байдаг бөгөөд газрын гадаргаас доош 40 метр өрөмдлөг хийгээд үзэхэд гэдэсний халдварт өвчин үүсгэгч бактериуд илэрчээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-11 10:42

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?