ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-03 10:46

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Түүнийг одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид нэг сар саатуулсан. Улмаар цагдан хорих хугацаа дуусмагц Прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаад байсан юм.

Эх сурвалжийн хэлснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Мөн Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа аж.

Хэдийгээр түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчилгээ хийлгэхээр явсан гэж байсан ч сүүлийн үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл гарах болсон бөгөөд албаны эх сурвалж АТГ-аас хүсэлт гаргасан хүсэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан гэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-03 10:46

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?