КАРТГҮЙ БОЛ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ӨГӨХГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 09:29

Сэтгүүлчийн үг

Өнөөдрийн байдлаар 396 цэг дээр 200 гаруй тээврийн хэрэгслээр сайжруулсан түлшний хүргэлт хийж байна. Түүнээсгадна, бүртгэлгүй картыг идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлж 12 дугаар сарын 01-нээс эхлэн сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулалт хийхгүй байх, Тавантолгой түлш компани төлбөр тооцоо, түгээгч, борлуулагчдын цалин хөлсийг тухай бүрт өгөх, дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар түүхий нүүрсний хяналтыг сайжруулах, хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, тайланг долоо хоног бүр танилцуулж байх үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Түүнчлэн нийслэл рүү нэвтрэх шалган нэвтрүүлэх найман товчоо, Улаанбаатар хотын 154 хороо, Таван толгой түлш компанийн ажлын байранд 24 цагаар  мэргэжлийн хяналтын байгууллагын 113, ЦЕГ-ын 43, нийслэлийн Онцгой байдлын 18 нийт 179 албан хаагч бүхий бие бүрэлдэхүүн түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байхаар байнгын хяналт хийж байна.

Дашрамд дуулгахад, энэ оны тавдугаар сарын 15-наас хойш Эмээлт, Баруун туруун, Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо, Гачуурт, Гүнтийн даваа, Хонхор, Морингийн даваа, Өлзийт-2 гэх хяналтын цэгээр нийт 3542.6 тн түүхий нүүрсийг тээвэрлэж байсан иргэн аж ахуйн нэгжийг илрүүлж холбогдох арга хэмжээ авсан байна. Мөн улсын байцаагчийн актаар 184.8 тн түүхий нүүрсийг хураан Амгалан дулааны станцад хүлээлгэн өгчээ. Шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгүүдэд гарч байгаа ихэнх зөрчил нь Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу сайжруулсан түлш тээвэрлэх, түүхийн нүүрсийг их бага хэмжээгээр нууж хот руу оруулахыг завдсан үйлдэл байгаа юм. Эх сурвалжийн өгүүлснээр, өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 30 хорооны 64 байршилд 91.8 тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлж, 19.2 сая төгрөгийн мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-02 09:29

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?