МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “В” ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 09:59

Сэтгүүлчийн үг

Санхүүгийн зах зээл хөгжиж хөрөнгө оруулалтын олон боломж бий болсноор зээлжих зэрэглэлийг тогтоох нь чухал асуудал болжээ. Учир нь зээлжих зэрэглэлийг санхүүгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүнд зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид, зах зээлд мэдээлдэг. Энэ нь зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг. Одоогоор дэлхийд Standard and Poor’s, Fitch, Moodys гэсэн зэрэглэл тогтоогч гурван байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаагаа явуулж байна.

Зээлжих зэрэглэлийг улс орон, байгууллага эсвэл тэдгээрийн гаргаж буй бонд, өрийн бичигт тус тусад нь засаглал, эдийн засаг, төсөв санхүүгийн үзүүлэлтүүдийг нь нэгтгэн тогтоодог. Улсын зэрэглэл өндөр байх нь маш чухал. Учир нь тухайн улсын компани, санхүүгийн байгууллага, банк даатгал хэчнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоогдох боломжгүй байдаг учраас эдийн засгийн байдалд шууд нөлөөлдөг байна.

Тэгвэл зээлжих зэрэглэлийг тогтоодог олон улсын санхүүгийн S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В, төлөвийг Тогтвортой хэвээр үлдээлээ. Зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж төлөвийг тогтвортой хэмээн үнэлснээ доорхи байдлаар тайлбарлажээ.

Нэгд, Түүхий эдийн үнэ өссөн, төсвийн сахилга бат, эдийн засгийн өсөлт сайн байгаа зэргээс шалтгаалж Монгол Улсын төсвийн үзүүлэлт сайжирсаар байгаа.

Хоёрт,  Монгол Улсын өрийн хэмжээ өндөр байгаа хэдий ч ээлж дараатай бондын төлөлтүүд хийгдэж мөн хүлээгдэж байгаа.

Гуравт, гадаад нөхцлийн тэнцвэргүй байдал, 2020 оны сонгууль, түүхий эдийн үнээс хамааралтай байдал зэрэг эрсдэлүүдийг нэрлэжээ. Мөн энэ төсөв нь өнгөрсөн жилийнх шиг дахин ашигтай гарах магадлал өндөр. Харин 2020-2022 онд бага зэрэг алдагдал хүлээнэ гэж тооцоолсон байна. Түүнчлэн энэ онд уул уурхайн салбарын тогтвортой байдал нь эдийн засаг таван хувиас дээш өсөх гол хүчин зүйл болно гэж дүгнэжээ. Мөн ирэх гурван жилд нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөлгүй энэ маягаар үргэлжилнэ гэж таамаглсан байна гэж эх сурвалж мэдээллээ.

Эцэст нь хөрөнгө оруулалтын зэрэглэл, түүний үзүүлэлтийг сонирхуулъя.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

AAA нь хамгийн сайн эрсдэл багатай гэсэн үнэлгээ бол D нь хамгийн их эрсдэлтэй, зээлээ эргэн төлөх чадваргүй гэсэн үнэлгээ юм. BBB, түүнээс дээш үнэлгээ бүхий хөрөнгө оруулалтын зэрэглэл /investment grade/-тэй бол улс орон, байгууллагын гаргасан санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт орох магадлал өндөр болдог. Учир нь санхүүгийн байгууллагууд, даатгал болон тэтгэврийн сангууд BBB зэрэглэлээс дээш хэрэгсэлд хөрөнгө оруулалтаа эрсдэлийн түвшингээр нь ангилж автоматаар тархааж, хуваарилалт хийж байдаг юм. Тиймээс зэрэглэл сайтай улс оронд хөрөнгө оруулалт ихээр хийгдэж улмаар эдийн засаг сайжрах, зээлийн хүү буурах нөхцөл бүрддэг байна

Зэрэглэл тогтооход нөлөөлдөг хүчин зүйл:

Зах зээлийн санхүүжилтийн зардалд нөлөөлөгч зээлжих зэрэглэлийг тогтоохдоо тухайн улсын санхүүгийн систем, засаглал, төсөв мөнгөний бодлогыг бүхэлд нь авч үздэг. Тухайлбал, S&P агентлагаас улс орон болон компанийн үнэлгээний үзүүлэлтийг хэрхэн авч үздэг аргачлалын жишээг доор үзүүлэв.

Аливаа улс орны зээлжих зэрэглэлийг тогтооход дээрх таван чиглэлийг чухалчилж үздэг бол санхүүгийн байгууллагуудад дөрвөн үндсэн чиглэлээр хэд хэдэн асуудлыг хөндөн, үнэлгээ хийж эрсдэлийг тодорхойлдог байна. Бусад хоёр үнэлгээний байгууллага мөн ижил төстэй аргачлалаар тооцдог тул тухайн улс орон, санхүүгийн байгууллагууд тухай бүр өөрийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахад анхаарах хэрэгтэй юм байна.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-29 09:59

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?