Нэрт яруу найрагч Д.Лувсандоржийн шүлэг, УГЗ З.Батсүхийн хөгжим “Амьд таван эрдэнэ” дууны уралдааныг “Ногоон нүүдэл” ТББ, “Малчин” ТВ-ээс хамтран зохион байгууллаа. Энэхүү уралдаанд 400 хүнээс шалгаран амжилттай оролцон, тэргүүн байр эзэлсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Хэмнэл” соёлын төвд бүжгийн багш Х.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Та Орхон аймгаа төлөөлөн оролцож тэргүүн байр эзэллээ. Өөрийгөө танилцуулахгүй юу, хаана ямар ажил эрхэлдэг вэ?
-Би Өвөрхайнгай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Орхон аймагтаа ЕБСургуулиа дүүргээд СУИС-ийг соёлын арга зүйч мэргэжлээр төгссөн. Одоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Хэмнэл” соёлын төвд бүжгийн багшаар 14 дэх жилдээ ажиллаж байна.
– Энэхүү баяртай мөч, торгон агшинд төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцаач.
– Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Эх орныхоо өнцөг булан бүрээс шалгарч зорин ирж энэ уралдаанд оролцсон цээл сайхан хоолойтой уран бүтээлчид цэцэн мэргэн шүүгчдэдээ баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ уралдааныг гурван үе шаттайгаар өндөр түвшинд маш сайхан зохион байгуулсан “Малчин” телевиз “Ногоон нүүдэл” ТББ-ын хамт олондоо баярлалаа. Мөн МҮЭСТО хэмээх сайхан тайзан дээр энэ цагийн олон сайхан гавъяат, дуучидтай ая дуугаар хөглөгдөж омогшсон сайхан үдэш байлаа.
-“Таван эрдэнэ” дууны уралдаанд хэрхэн оролцохоор шийдэв?
– Хэдийгээр бүжгийн багш ч гэлээ соёлын салбарт ажиллаж байгаа хүний хувьд ажлын байрандаа хөрвөж зайлшгүй дуулах шаардлага гарна. Ээж маань СТА дуучин Д.Бадамханд гэж сайхан дуучин байлаа. Тиймээс ээжийнхээ авъяасыг бага ч гэсэн өвлөж авсан юм болов уу, дуулах сонирхолтой. СТА Ч.Алтантүлхүүрийн дуунуудаас дуулах их дуртай бас ээж маань “Таван эрдэнэ” дууг их дуулдаг байсан юм. Энэ бүхнээс улбаатай уралдаанд оролцохоор зоригтой шийдсэн.
-Хэдэн оролцогчоос шалгарч шилдгээр шалгарч байна вэ, тэргүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Уралдааны 1,2 дугаар шат цахимаар явагдсан. Нэгдүгээр шатанд 400 гаруй оролцогч “Таван эрдэнэ” дууны нэгдгээр бадгийг ямар нэгэн хөгжимгүйгээр дуулж оролцсоноос хоёрдугаар шатанд 110 хүн шалгарч тус дууг хөгжимтэй дуулан дүрсжүүлж цахимаар явуулсан. Ингэхдээ сошиалд авсан хандалтаас гадна дуулах ур чадвар зэргийг мэргэжлийн шүүгчид олон талаас нь харж 10 оролцогчийг сүүлийн шатанд шалгаруулж МҮЭСТО-нд “Гала тоглолт” хэлбэрээр зохион байгууллаа. Ингэж сүүлийн шатанд шалгарснаасаа хойш өөртөө итгэлтэй болж түрүүлнэ гэсэн бодолтой байсан. \инээв\
-Ээж нь сайхан дуулдаг гэлээ. Дуучин ээжийнхээ авяасыг өвлөсөн байна шүү дээ. Тиймээс танай гэр бүлд танаас өөр дуулдаг хүн байгаа юу?
– Миний аавыг Ц.Хорлоо, ээжийг МУСТА Д.Бадамханд гэж хоёулаа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул хүмүүс байсан. Ээж маань нутагтаа соёлын төвийн эрхлэгч номын санчаар ажиллаж байсан. Ах нар, эмэгтэй дүү нар маань бүгдээрээ дуулах дуртай. Ээж маань амьд сэрүүн байхдаа таван хүүхэдтэйгээ хамтарч “Дуунд хөглөгдсөн амьдрал” тоглолтоо төрсөн нутагтаа болон Орхон аймагтаа зохион байгуулж байлаа. Тийм учраас ээжийнхээ бурхнаас заяасан авъяасаас бага ч гэсэн өвлөж үргэлжлүүлэн дуулж яваадаа баяртай байна.
– Энэ уралдаанд оролцоход хамгийн их туслаж дэмжиж зөвлөсөн хүн хэн бэ?
-Уралдааны шалгуур нөхцөл их өндөр байсан. Дэмжиж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ажлын хамт олон, ах Х.Энхбаяр төрсөн дүү Х.Мөнхсайхан Х.Мөнхтуяа авга эгч нар маань Эрдэнэт хотоос дагаж ирж дэмжсэн. Бүх төрөл садан, найз нөхөд гээд намайг таньдаг олон хүмүүсийнхээ дэмжлэгээр энэхүү амжилтанд хүрлээ. Ялангуяа Хэмнэл соёлын төвийн Эрдэнэхүүгийн Батболд даргадаа маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Нэгдүгээр шатны уралдааны видео бичлэгнээс эхлээд бүх шатны уралдаанд хамгийн их зөвлөж тусалж байсан. Мөн Эрдэнэт хотынхоо EBS HD телевизийн хамт олондоо баярлалаа.
– Дуулдаг хүний хувьд урын сангаа хэрхэн баяжуулаад байна вэ?
-Бүжгийн багшаар ажилладаг ч манай соёлын төвийн хамт олон бие даасан олон тоглолтуудыг орон нутагтаа болон хөрш зэргэлдээ сумууддаа толилуулж ирсэн. Урын сандаа өөрийн гэсэн 6-7 дууны шинэ уран бүтээлтэй. Нийтийн хүртээл болсон дуунууд болон хуучны сайхан дуунуудаас дуулах дуртай .
-Ямар дуучдын дууг сонсч үлгэр дууриалал авч явах дуртай вэ?
-МУАЖ А.Долгор, Б.Жавзандулам гээд алдартай сайхан дуучдын дуунаас сонсох дуртай, мөн урлагийн хүн ямар байх ёстой юм, хэрхэн биеэ авч явах вэ гэх зэргээр үлгэр дууриалал авахыг хичээдэг. Залуу үеэс СТА дуучин Ч.Алтантүлхүүр, дуучин Хишигсүрэн, Хишигдэлгэр гэж эгч дүүс дуучдын дуу уран бүтээлүүдийг шимтэн сонсдог. Шаардлага гарвал зарим нэг арга хэмжээнд дуунаас нь дуулах гэж оролдоно оо. \ уучлаарай гээд инээв\
-Монголчууд олзыг олуулаа гэж ярьдаг. Нэлээн ч өндөр шагнал гардлаа. /6560,000 төгрөг/ Шагналаа бусдад тустай юунд зарцуулна гэж бодож байна вэ?
-Манай Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн олон шавь нар маань байгаа. Намайг уралдаанд явахад: “Багшаа ганц дуулж өгөөд яваач дээ гээд гуйгаад байсан.” Хөөрхөн шавь нар маань энэ сарын сүүлээр болох “Эрдэнэсийн угалз” хангайн бүсийн аварга шалгаруулах бүжгийн уралдаанд оролцоно. Хоёр хамтлаг тус бүр хоёр төрөлд 30 гаруй хүүхэд бэлдэж байгаа. Удахгүй бас бүжгийн дугйлангийн “Бидний инээмсэглэл 2022” тайлан тоглолтоо хийх гэж байна. Тийм учраас шагналынхаа тодорхой хувийг шавь нарынхаа бүжгийн хувцсанд хөрөнгө оруулалт хийнэ гэж бодож байна.
-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Тиймээс залуу дуучны цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө их байгаа даа?
-Манай соёлын төвийн хамт олон маш хөдөлмөрч хүмүүс байдаг. Тиймээс бидний цаашдын төлөвлөгөө зорилго ч тодорхой байгаа. Тухайлбал, манай соёлын төвийн таван ажилтан хамтарч “Эхлэл” нэртэй шинэ уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Цаашдаа тавуулаа бие даасан шинэ уран бүтээлийн тоглолтоо “Үргэлжлэл” нэртэйгээр үргэлжлүүлэн тоглоно гэж үзэгч түмэндээ амласан. Харин миний нэг мөрөөдөл гэвэл Эрдэнэт хотынхоо яруу найрагчид хөгжмийн зохиолчдын надад итгэж өгсөн шинэ уран бүтээлүүдээр “Морин хуур” наадамд нэг удаа ч болов орж өөрийгөө сорьж үзэх юмсан гэж хүсдэг. Мөрөөдөл биелэнэ гэдэгт итгэлтэй байгаа.\инээв\
Сэтгүүлч Д.НЭРГҮЙ