УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Эргэн сануулахад, коронавируст цар тахал дэгдсэнтэй холбогдуулан 2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн үйлчлэлийн хугацааг зохицуулж буй Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой НДШ-ийг таван хувиар нэмэгдүүлсэн. 2020 онд цар тахалтай байсан учраас хойшилсоор өдийг хүртэл хүрсэн. Төсөвтэй холбоотой асуудал гарч ирнэ. Төсвийн тухай хуулиар жилийн төсвийн дундуур төсөвт өөрчлөлт орж байгаа тохиолдолд тодотгол хийх юм уу, зохицуулалт хийх зайлшгүй шаардлага үүсдэг. Энэ хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр төсөвт өөрчлөлт орно. Энэ өөрчлөлтийг цар тахлын хуулиар явуулах юм уу эсвэл төсөвт тодотгол хийх юм уу?
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:Нийгмийн бодлогын байнгын хороо хууль санаачлагчдын зүгээс энэ асуудлыг төсвийн байнгын хороо, Сангийн яамны байр суурийг сонсож, судалгаа хийсэн. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхэд 94 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа. Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын багцад нийгмийн даатгалын 500 гаруй тэрбум төгрөг суусан байгаа учраас энэ хүрээнд цар тахлын хуулиар зохицуулах боломж байгаа талаар Сангийн яамнаас хэлсэн. Тиймээс төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулж болно гэж үзэж байна. Хэрвээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тус хуулийг хэрэгжүүлье гэвэл 33 тэрбум төгрөг шаардлагатай болно.
Түүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн. Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцсон билээ. Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.8 дахь хэсэгт “Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй” гэж заасан. Иймээс цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлснээр Үндсэн цэцийн 2021 оны тавдугаар дүгнэлттэй танилцсан юм.