Загвар зохион бүтээгч дизайнер Н.Амгалан оюутан ахуй цагаасаа хувцас урлалтай холбогдож, монгол болон европ хувцсыг орчин үеийн чиг хандлагад нь нийцүүлж урлахыг зорьж ирсэн авьяаслаг бүсгүй билээ. Тэрбээр эдүгээ маш олон бүтээлтэй болоод буй. Ялангуяа нярай хүүхдийн хувцас нь бүр ч эвлэгхэн агаад хөөрхөн. Тодруулбал, түүний даруухан ажлын өрөөнд үнэ цэнэтэй уран бүтээлүүд нь төрж байдаг. Ингээд түүнтэй бүтээлийнх нь талаар хөөрөлдсөнөө уншигч Танд хүргэе.
-Таныг оюутан байхаасаа өөрийн хүсэл сонирхол, мэргэжлээрээ хувцас урлаж эхэлсэн гэдэг?
-Тиймээ, миний бие 2015 онд есдүгээр ангиа төгсөөд Монгол Солонгосын хамтарсан политехникийн коллежид “Загвар зохион бүтээгч”-ийн ангид элсч орж байлаа. Энд суралцаж байх хугацаандаа ажлын гараагаа эхэлж нярай болон хүүхдийн хувцас зэрэг бүх төрлийн хувцас урлаж сурсан.
-Таны ур ухаанаа шингээж бүтээсэн олон бүтээл тань нүдэнд тусдаг. Нэг бүтээлээ хэдий хугацаанд төрдөг бол?
-Бүтээл болгон маань надаас маш их цаг хугацаа хөдөлмөр шаарддаг. Загвар хийц ажиллагаанаасаа хамаараад зарцуулах хугацааны хувьд харилцан адилгүй. Тийм учраас би бүтээл болгондоо хайртай.
– Таны уран бүтээлийн санаа онцлог гэвэл?
-Монгол болон европ загвараар үндэснийхээ хэв маягийг хослуулан хийдгээрээ онцлог болов уу гэж боддог юм.
–Бүтээлийнхээ донж загвар хийцийг нь тааруулж тохируулахаас эхлээд сэтгэлгээ санаачилга их шаардана даа?
-Тэгэлгүй яахав. Тухайн үйлчлүүлэгч маань юу хүсч юу сонирхож байгааг нь бүтээлдээ тусгаад биед нь эвтэйхэн тав тухтай байдлыг хангах зорилгоор бүтээгдэхүүнээ урладаг. Ингэж бүтээл болгондоо сэтгэлээ шингээдэг учраас үйлчлүүлэгчдэдээ хурдан хүрдэг болов уу гэж боддог юм. Тийм учраас бүтээлээ санасандаа хүртэл хийгээд дууссаны дараа сэтгэл уужирдаг, би үүнийг хийсэн шүү дээ гэсэн бахдал ч давхар төрдөг.
-Жижиг дунд үйлдвэрлэгчдэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Материал бол үнэхээр хэцүү. Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас худалдаж авах бүрт үнэ нь нэмэгдсэн байдаг. Үүнийгээ дагаад бүтээл маань нэмэгдэх шаардлага гарах нь ойлгомжтой. Үйлчлүүлэгчид маань тэр болгоныг ойлгохгүй байсхийгээд үнээ нэмлээ гэх мэт бэрхшээл их тулгарах юм.Гэвч бид энэ бүхнийг даван туулах учиртай.
-Одоогоор бүтээлээ хаана борлуулж байна вэ?
-Одоогоор тогтсон байршилгүй, интернэт болон дүүргийн удирдлагуудын зарласан үзэсгэлэн худалдаагаар мөн таньдаг хүмүүс, ах дүү хамаатан садан, найз нөхдийнхөө хүрээнд борлуулж байна даа.
-Бүтээлээсээ олсон орлого тань амьдралд тань хэр дэм болдог вэ?
-Мэдээж амьдралд хүрэлцэхгүй л дээ. Гэхдээ олзны бага амттай гэдэг шиг болж л байна.
-Аливаа нэг ажил удалгүй л өрх гэрийнх болоод явчихдаг. Түүн шиг ээж тань ч хувцас оёод сурчихсан гэж сонссон?
–Миний ээж Ж.Нандинцэцэг “Замын хөдөлгөөний хууль дүрэм”-ийн багш мэргэжилтэй. Эхний үед миний ажилд тэр болгон оролцож чадахгүй байсан. Харин 2018 оноос хойш бага багаар ялангуяа борлуулалтын ажилд маань тусалж эхэлсэн. Тийм учраас хүүхдүүдээ “Царцаа намжил”-ын үлгэрээр жишээ авч замдаа таарсан болгоныг тогтоогоод яваарай тэр чинь чамд эрдэм болно гэдгийн адилаар аяга сайн угаагаад сурвал цайны газар ороод угаагч ч хийгээд түүгээрээ хоолоо олоод иднэ мөн шалаа сайн угаагаад сурвал үйлчлэгч хийгээд хоолоо авах мөнгөтэй болно. Юу ч сурсан эрдэм болдог учраас хэнээс ч гуйхгүй өөрийн хөдөлмөрийн үр шимээр амьдардаг юм. Сурсан бүхэн чинь эрдэм болно. Түүнээс заавал их дээд сургууль төгссөн хүн эрдэмтэй хүн байдаггүй юмаа хамгийн гол нь хүн хүнээрээ л байх хэрэгтэй гэж захиж сургадаг.