ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин Украинд довтолгооны зэвсэг нийлүүлэх нь ямар үр дагавартай болохыг барууныханд анхаарууллаа.
Тодруулбал тэрбээр Киевийн дэглэмд барууны зэвсгийг үргэлжлүүлэн нийлүүлж, Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийн тулд зэвсгийг Киевт шилжүүлснээр Украин дахь мөргөлдөөн улам хурцдаж магадгүй хэмээн АНУ болон Европын орнуудад анхаарууллаа.
Оросын улстөрч “Барууныхан орон нутгийн мөргөлдөөнд цөмийн зэвсэг ашигладаггүй гэж байгаа ч энэ нь ташаа ойлголт. Барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгээр Оросын хотуудад цохилт өгч, газар нутгийг булаан авсан тохиолдолд Орос илүү хүчтэй зэвсгээр хариу цохилт өгөх болно. Барууны улстөрчид Украинд зэвсэг шилжүүлэхээсээ өмнө эхлээд бодох хэрэгтэй, Эс бодвоос үр дүнд нь улс орноо сүйрүүлэхэд хүргэж болзошгүй. Шуудхан хэлэхэд, Киевийн дэглэмд довтолгооны зэвсэг нийлүүлэх нь дэлхийн сүйрэлд хүргэнэ. Хэрэв Вашингтон болон НАТО-гийн орнууд энгийн суурин газруудад цохилт өгөх, манай газар нутгийг эзлэхийг оролдох зэвсгийг нийлүүлбэл илүү хүчтэй зэвсэг ашиглан хариу арга хэмжээ авахад хүргэнэ. Вашингтон, Брюссель дэлхийг аймшигт сүйрэл рүү хөтөлж байна. Одоогоор Орос зөвхөн Украины цэргийн болон чухал дэд бүтцэд цохилт өгч байгаа ч бүх зүйл өөрчлөгдөж болно” хэмээн хатуухан анхаарууллаа.