“Цагаан захтан”-ууд төрийн өндөр албан тушаал хаших явцдаа хэт их орлого олж, баяждаг жишиг тогтоод 30 жил болжээ. Эгэл жирийн бизнес эрхлэгчийн зүүдэндээ ч үзээгүй их хөрөнгө мөнгийг алга урвуулахын хооронд олж, офшоорт нуун, эх орноо Хятад хэмээн өөрөө мэдүүлсэн хүн бол С.Баярцогт.
С.Баярцогт Оюутолгойн гэрээг үзэглэхдээ их хэмжээний ашиг олсон хэргээр гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогдоогдож ял авсан.
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 8 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
- 2021 оны 5 дугаар сарын 19-нд Улсын Дээд шүүхээс С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.
Гурван шатны шүүхээр шийдэгдээд байсан С.Баярцогтын хэргийг 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нар тусгай санал гаргаснаар нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. АТГ-ын мөрдөгч “…С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” санал гаргасан нь НПГ-ын прокурорын 2022 оны долдугаар сарын 6-ны шийдвэрээр баталгаажин, С.Баярцогт 2021 оны наймдугаар сарын 20-нд суллагдсан байдаг.
Өндөр дээд албан тушаал эрхэлж байсан С.Баярцогтын хэрэг хэрэгсэхгүй болсонд нэр бүхий томоохон компаниуд, хууль хүчний байгууллагыг толгойлж байсан хүмүүсийн хамаарал байсан гэх мэдээллүүд гарч байсан нь ор үндэслэлгүй биш бололтой. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “…Дээд шүүхийн “овгор” нь нүүрсчдийн төлөө алхаа цохиж, АПУ П.Батсайханы арын өрөөнд амьдарч байна” гэж мэдэгдсэн нь санамсаргүй үг биш ээ.
Эрх чөлөөтэй болсон С.Баярцогт АН-ын даргад нэр дэвшсэн ч бүдрэв. Үүнд ерөнхийлөгч асан Х.Баттулгын фракцынхан, УИХ дахь АН-ын бүлэг гол үүрэг гүйцэтгэсэн.
Төмөр зам, нүүрс, Хөгжлийн банкны зэрэг хэрэгт шалгагдаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна.

Тэрээр: “…С.Баярцогт нь Монгол Улсын засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтан байсан тул Ерөнхий шүүгч түүнд бусад иргэдээс илүү эрх олгосон” гэсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр л Монголын нийгэм, улс төр дэх эрүүл бус энэхүү үйлдлийг анагаах хуулийн эрүүл хүч бий эсэхийг шийднэ.
Новш гэж