Ардчилсан намын ээлжит бус Их хурал өнөөдөр /2023.01.19/ болж, хоёр талд талцсан АН даргатай болох нь ээ. Хөнжилдөө хөлөө жийлцсэн АН нэгдэн нийлж, хүчтэй сөрөг хүчний үүргээ биелүүлэх нь нийгмийн захиалга. Ямартай ч С.Баярцогт, С.Одонтуяа, Л.Гантөмөр, З.Нарантуяа нарын дөрвөн хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авчээ.
Тодруулбал, өнөөдрийн намын их хурлаас даргаа батламжилж, дараа нь УДШ-д намын даргаа бүртгүүлж, хоёр жил гаруйн хугацаанд энгийн гишүүдийнхээ итгэл үнэмшлээр наадсан нам эмх цэгцэндээ орж, эрх баригч хүчний захиалгаар эзэнгүй даргагүй зөнгөртсөн энэ нам эмхлэгдэх нь ээ гэсэн хүлээлт нийгэмд байна.
Нэр дэвшигчдийн тухайд Л.ГАНТӨМӨР “Бидний эвлэрлийн цэг ард түмний эрх чөлөө, Монголынхоо ардчиллыг хамгаалахын тулд хүчтэй сөрөг хүчин болж ажиллах шаардлагатай” гэж мэдэгдсэн бол З.НАРАНТУЯА ” Би намын дарга болбол олон фракцын эсрэг байна. 2024 онд өөрийнхөө тойргоос УИХ-ын гишүүнд өрсөлдөнө.” гэсэн юм. Харин С.БАЯРЦОГТ “Ардчилсан нам шинэлэг, зоригтой шийддвэрүүдийг гаргаж, шударга ёсыг тогтоосон нийгмийг байгуулах ёстой” гэсэн бол С.ОДОНТУЯА “Ардчилсан намын дарга хулгайтай тэмцэх ёстой. Өнөөдөр залуус өөр нийгэм, өөр улс төрийн намыг хүсч байна” гэж мэдэгдсэн.