Украины тагнуулын газрын дарга Кирилл Буданов “Орост дахин хэд хэдэн томоохон хэмжээний дайралт хийх пуужингууд үлдсэн. Товчхондоо удахгүй тэд буудах пуужингүй болно. ОХУ-ын Зэвсэгт хүчинд өндөр нарийвчлалтай пуужингууд дуусч байгаа” хэмээн дахин мэдэгдэв.
Түүний хэлснээр, Орос дахь өндөр нарийвчлалтай зэвсгийн нөөц хамгийн бага хэмжээнд хүрсэн бөгөөд шинэ пуужингийн үйлдвэрлэл хязгаарлагдмал бөгөөд зөвхөн цөөн хэдэн төрлийн нарийн зэвсгийг хамардаг гэлээ.
Буданов (зөвхөн Буданов ч биш) ийм мэдэгдлийг анх удаа хийж байгаа юм биш. Эргэн сануулахад, 10 дугаар сарын сүүлчээр тэрбээр Москвагийн пуужингийн нөөц бараг дуусч, энэ дутагдлаа нөхөхөд Ираны камикадзе нисгэгчгүй онгоцууд шаардлагатай гэж мэдэгдэж байсан юм.
Харин Украины тоймч Юрий Бутусов “Орос пуужингаа үйлдвэрлэсээр байгаа бөгөөд мэдээжийн хэрэг манай чухал дэд бүтцэд цохилт өгөх болно. Тэд хангалттай зэвсэгтэй” гэж мэдэгдээд манай Украины улстөрчдийн мэдэгдэл бодит байдлаас хол зөрнө гэж бичжээ.
Ямартай ч 12 дугаар сарын 5-нд ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины цэргийн 17 объект, эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсний улмаас иргэд олон хоног цахилгаангүй аж төрж байна. Одесса, Киевт бухимдсан иргэд замын хөдөлгөөнийг хаасан гэх мэдээлэл ч бас бий. Чухам ийм нөхцөл байдалд Киевийн дэглэмийн төлөөлөгчид Оросын арми удахгүй бүх пуужингаа ашиглах болно гэсэн утгагүй (мөн системчилсэн) мэдэгдлээр олон нийтийг тайвшруулахыг хичээж байгаа бололтой хэмээн https://topwar.ru/ сайтнаа нийтэлжээ.