Украины цэргүүд цөмийн терроризм гэж үзэх ёстой Запорожийн атомын цахилгаан станцыг (ЗЦЦС) зориудаар “цохиж байна” гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Зэвсэгт хүчний удирдлагуудтай хийсэн бага хурлын үеэр мэдэгджээ.
Тэрбээр сүүлийн хоёр долоо хоногт л гэхэд стратегийн объект руу 33 том калибрын сум харвасан гэж мэдэгдэв. Оросын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин Украины ихэнх пуужингуудыг устгасан ч зарим нь Запорожье АЦС-ыг онож, аюултай хохирол учруулах эрсдэл байсаар байгаа юм.
Ямартай ч уг хурлын үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчин чөлөөлөгдсөн нутаг дэвсгэр дэх чухал объектуудыг үргэлжлүүлэн хамгаалах болно гэж Сергей Шойгу хатуухан мэдэгдсэн.
Оросын анги нэгтгэлүүд Донбассыг чөлөөлсөн хэвээр байгаа бөгөөд сүүлийн үед Андреевка, Белогоровка Өмнөд, Курдюмовка, Майорск, Опытное, Павловка сууринг хяналтдаа авсан. Мөн Оросын цэргүүд Украины цэргийн команд, удирдлагын систем, батлан хамгаалах аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд болон холбогдох байгууламжуудад алсын тусгалын нарийвчлалтай зэвсгээр асар их цохилт өгч байгаа. Эдгээр үйлдлийн зорилго нь Киевийн дэглэмийн цэргийн чадавхийг дарах явдал гэж Батлан хамгаалахын сайд тайлбарласан юм.
Түүний хэлснээр шинэ, шинэчлэгдсэн нисэх хүчин цэргүүдэд орж ирсээр байгаа бөгөөд нисгэгчид болон инженерийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ажил хийгдэж байгаа төдийгүй агаарын тээврийн ослын тоог хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулсан гэнэ.
Цаашид цэргийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Мэдээж Донбасс болон Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа Оросын зэвсэгт хүчний хувьд томоохон сорилт болоод байгаа. Тусгай ажиллагаатай холбоотойгоор цэргийн ангиудын техник хангамж, шийдвэр гаргалт, тактик, техник хангамжийн хувьд олон асуудал илэрсэн төдийгүй зэрэгцээ хөрш улсад болсон үйл явдлууд ОХУ-д зэвсэгт хүчиндээ өөрчлөлт хийхэд хүргэлээ хэмээн судлаачид хэлж байна.