Ажил амьдралынхаа амжилт, аз жаргалтай мөч бүхнийг хэлний боловсролтойгоо холбож ирсэн МУБИС Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Англи хэлний тэнхмийн ахлах багш, Доктор (PhD), Боловсролын тэргүүний ажилтан Ц.Мөнх- Ундартай ярилцлаа. Тэрбээр оюутан залууст хэл сурахын сайхныг сэтгэл зүрхэнд нь хүртэл зааж, өдрөөс өдөрт эрдэм боловсрол хамгаас чухал гэдгийн үнэ цэнийг мэдэрч явна. Энэ бүгдэд шавь нар нь сэтгэл хангалуун явдаг юм билээ.
-Удахгүй шинэ жил болох гэж байна. Иймд таны хувьд 2022 он ямар жил болж өнгөрөв?
-2022 он миний хувьд эрдмийн арвин ургац ихтэй сайхан жил болж өнгөрлөө. Боловсролын ухааны докторын зэрэг хамгаалж, ахлах багш зэргийн шалгаруулалтад амжилттай үнэлгээ авч, ахлах багш зэрэглэлд дэвшин ажиллаж байна. Мөн Боловсролын тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан гэх мэт их зүйлийг хийж бүтээсэндээ бас урамшиж хөгжсөн цаг хугацаа байлаа.
–Хүний амьдралд олон зүйл ард хоцорч, бас төдий чинээ зүйл өмнө минь хүлээж байдаг. Энэ тухайд юу хэлэхсэн бол?
-Тийм шүү, сурахад хэзээ ч оройтохгүй гэдэгтэй би санал нийлдэг. Учир нь их сургуулийн босгыг анх алхаж орсноосоо хойш дотоод, гадаадын сургуульд нийтдээ 11 жил суралцсан байна. Одоо ч суралцсаар л яваа. Боловсрол нь тухайн улс орны хөгжлийн гол тулгуур хүчин зүйлийн нэг учраас манай улс бүх шатны боловсролын тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулж, зөв зохистой шийдвэр гаргахад багш нарын оролцоо тэдний судалгаанд (анги танхим дахь үйл ажиллагаа, суралцагчдын сурах хэв маяг, хэрэгцээ, сонирхол гэх мэт)-д тулгуурлан хэлэлцэж хийх нь илүү үр дүнтэй. Багш нарыг хичээл заахын хажуугаар танхимын судалгаа хийж бусадтайгаа үр дүнгээ хуваалцаж, бие биенээсээ суралцах цаг боломжоор хангах нь чухал. Эдгээр нөхцөл бүрдэж байж багш хөгжиж боловсролын чанар сайжрах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Тиймийн тулд бидний ирээдүй болсон хойч үе, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, боловсролтой, ёс суртахуунтай, бүтээлч иргэн болгохыг л хичээж явна даа.
-Багшийн мэргэжлийн сайхан нь юу вэ. Багш болсноор өөртөө юуг хуримтлуулж чадав?
-Монголчууд эрт дээр үеэсээ багшийг хүндэлж, үгийг нь сонсч ирсэн. Энэхүү сайхан нандин үйлсийг бага наснаасаа аав, ээжээсээ харж өссөн болохоор багшийн мэргэжил хамгийн гэгээлэг сайхан ажил гэж боддог. Багш хүн үргэлж бусдад шинийг зааж, сурагчдынхаа олж авсан мэдлэгээр бахархаж, баярлаж явдаг шүү дээ. Багш болсноор их зүйлийг сурч байгаа төдийгүй бусдыг сонсож, ойлгож, туслах сэтгэлийг өөртөө бий болгож байгаа гэж санадаг. Ингэж эерэг байдлаар өөрийгөө цэнэглэдэг дээ. Нөгөө талаас аав минь их тусч, хүнд туслах дуртай хүн байсан. Хүмүүс ч их хайрлан хүндэлдэг байлаа. Энэ байдал ажил үйлсэд маань багагүй нөлөөлдөг байх аа.
–Их ажлын дараа алжаалаа хэрхэн яаж тайлдаг вэ?
-Гэр бүлдээ анхаарал хандуулж, хамт цагийг өнгөрөөхийг хичээдэг.
-Оюутан сурагчдад англи хэл заахын гайхамшиг, бас тулгарч буй бэрхшээл гэвэл юу хэлэх бол?
-Бахархууштай нь оюутнуудын маань англи хэл сурах хэрэгцээ, сонирхол урьдынхаас нэмэгдэж байгаа. Ингэснээр англи хэл заахад бий болдог бэрхшээл багасч, интернэтийн ачаар бидний ажил хөнгөрч байгаа нь таатай хэрэг шүү. Багш оюутнуудын өмнөх мэдлэгийн түвшин, хэрэгцээ, сонирхол, сурах хэв маягийг судалж тэдэнд тохирсон оновчтой стандарт, хөтөлбөрийг боловсруулж ажиллах, сургалтын арга зүйгээ сайжруулах нь чухал гэж бодож байна.
-Хэлийг өндөр түвшинд сурахын тулд оюутнууд маань өөртэйгээ ямар арга барил, зарчмаар ажиллавал үр дүнтэй байх вэ?
-IELTS, TOEFL Ibt, TOEIC зэрэг олон улсын шалгалтын жишиг даалгавар, тест түвшин бүрээр цахим хэлбэрээр үнэ төлбөргүй байдаг. Иймээс сайтуудыг цуглуулж, нэгтгэж танилцуулж өгдөг.
-Таны амьдралын үнэ цэнэ юу вэ?
-Миний амьдралын үнэ цэнэ эрүүл энх, улс орноороо тайван амгалан байх л юм даа.
-Таны ид сурч мэдэх оргилуун үе Энэтхэг улсад өнгөрсөн байдаг. Энэ амар амгалангийн орон танд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?
-Энэтхэг улсын Панжаб технологийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистрт сурч байх хугацаанд хүмүүсийнх нь амьдралын хэв маяг, хоол хүнс, цаг уур тэс өөр байсан нь сонирхолтой санагддаг байсан. Гэвч энэ бүгдэд нь яваандаа дассан л даа. Энэтхэг хүмүүс шашинлаг, ёс суртахуунтай, үнэнч, зөөлөн, тусч хүмүүс. Тийм учраас хувь хүний үнэт зүйлс нь таалагдсан энэтхэг найзуудаасаа дээрх зүйлсийг сурсан гэж боддог доо.
Сэтгүүлч Д.Гэгээ