Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны арваннэгдүгээр сарын тэмцээний сүүлчийн барилдаан өчигдөр Фүкүока хотноо боллоо.
Энэ өдөр гурван сүмоч адил 12 даваа авсан учраас дахин барилдаан хийхэд Такаяасү /М-1/, Озэки Такакейшо нарыг дараалан давж 13 даваатай болсон Аби /М-9/ Эзэн хааны цомын эзэн боллоо.
Энэ өдөр Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар 11 даваа, дөрвөн унаатай болсон юм. Харин Кирибаяама найман даваа, долоон унаатайгаар башёг өндөрлүүллээ.
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Точиношин /М-8/-тай таарч барилдан, түүнийг уватэнаге мэхээр давж зургаан даваа, есөн унаатайгаар энэ башёг дуусгав.
Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Тэрүцүёоши /М-15/-тэй барилдаж, түүнийг уватэнаге мэхээр давж дөрвөн даваа, 11 унаатайгаар энэ башёд тун тааруу амжилт үзүүллээ. Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Эндо /М-7/-той таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр давснаар долоон даваа, найман унаатайгаар башёг дуусгаж байна.
Мөн энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-14/, Мёогирюү /М-7/-тэй хүч үзэж, түүнд ёрикири мэхээр унаснаар долоон даваа, найман унаатай башёг дуусгав.
Энэ башёг 12 даваатай ганцаараа тэргүүлж явсан Такаяасү /М-1/ Аби /М-9/-тэй таарч барилдан түүнд цүкитаоши мэхээр унаж, тэд 12 даваа, гурван унаатай болж дахин барилдаан хийх нөхцлийг бүрдүүлсэн юм.
Аваргыг тодруулах барилдаанд Такаяасү /М-1/, Аби /М-9/-тэй дахин хүч үзхэд хатакикоми мэхээр унасан бол аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Озэки Такакейшо адил даваатай Аби /М-9/-тай барилдан, түүнд ошидаши мэхээр унаж 12 даваа, дөрвөн унаатай болж, башёг дуусгав.