Энэ оны арваннэгдүгээр сарын 24-27″ны өдрүүдэд “Киргизстан Бишкек” хотноо зохион байгуулагдсан Powerlifting-ийн 3 төрөлт “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 35 улсын 370 тамирчин оролцсон юм.
Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ч.Алтангэрэл 82.5 кг-ын төрөлд амжилттай оролцон аваргын алтан медалийг энгэртээ гялалзуулан, эх орныхоо төрийн далбааг мандууллаа. Powerlifting-ийн гурван төрөлт тэмцээн нь олимпид хараахан ороогүй тул Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн нь уг спортын хамгийн дээд цэг нь юм.
Ч.Алтангэрэл нь Булган аймгийн Сайхан сумын харьяат бөгөөд Powerlifting-ийн гурав төрөлт спортод 2019 оноос хөл тавин тууштай хичээллэж эхэлсэн бөгөөд 2021 оны Powerlifting-ийн гурван төрөлтийн Дэлхийн аварга, 2022 оны Powerlifting-ийн гурван төрөлтийн Азийн цомын аварга, 2022 оны Powerlifting-ийн гурван төрөлтийн Дэлхийн цомын аваргыг тус тус хүртлээ.