Монголын улс төрд Н.Энхбаяр гэж үзэгдэл бий. Монголын улс төрд нэгдүгээр хүн байсан цаг үеэ мартаж чадахгүй байх нь энэ улс төрчийн эрх эрх чөлөө мөн хэдий ч наймаалцлын шинжтэй улс төрийн тохиролцоогоор бодлогын түвшинг шахаж байгаа нь хүнийхээ хувьд ёс суртахууны асуудал юм. Наймаалцлын шинжтэй улс төрийн тохиролцоо гэхийн учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэх үйл явц өрнөж, Н.Энхбаяр дөрвөн ч сайдын суудал, яамдад дэд сайд, намын түвшинд 2200 албан тушаалтантай болох, хүү Э.Батшугарыг 2021 оны аравдугаар сард болон нөхөн сонгуульд оролцуулах зэрэг хэлцлүүд хийснийг ийнхүү дүгнэж байна. МАН, МАХН гэсэн хоёр намын нэгдэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний болзошгүй нөхцөл байдал МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд ашиггүйгээр эргэхээс урьдчилан сэргийлэх ажиллагаа байсан нь дээр дурьдсан тохиролцоонуудаас харагдаж байна. Хэрэв “Таны эвсэл”-ээс С.Ганбаатар нэр дэвшсэн тохиолдолд сонгуулийн хоёр дахь явагдах магадлал маш өндөр, ингэсэн тохиолдолд Хүрэлсүхийн авах саналын хувьд буурах эрсдэл өндөр байсан нь улс төрийн нөхцөл байдлын нэн шинэ түүх. Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төрийн үр дагавар МАХН засгийн газарт багтах явдал болж байгаа нь Монголын улс төр зарчмын дагуу бус хуйвалдааны горимоор дахин давтан батлан харууллаа. Мафитай кино цаашаа болж байна.
Н.Энхбаяр Намын Удирдах зөвлөл, намын бүх түвшинд өөрийн хүмүүсээ томилох, хүүгээ гишүүн болгох, хэд хэдэн яамыг авах гээд түүний шунал дуусахгүй. Түүгээр зогсохгүй өөрөө Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон эсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтах гэсэн саналуудыг тавьсан гэх мэдээлэл явж байгаа нь аль нэг тойргийн нөхөн сонгуульд өөрийн хүмүүсээ дэвшүүлэх, мөн өөрийнхөө нэр дэвших эрхийг нээлгэх барьцаа байж болзошгүй юм. Угаас барьцаагаар тохироо хийдэг нь энэ хүний арга барил. Хор найруулах, авъяас чадвар бол түүний төрмөл чанар, бодлоготон бол биш. Одоогийн МАН-ын удирдлага түүний энэ чадварыг сөрөх чадвар байгаа эсэх нь эргэлзээтэй. Тоймлон харахад У.Хүрэлсүх намдаа Н.Энхбаярыг үлдээгээд явлаа. 55 мянган гишүүнээ эрх баригч намд дагуулж орж ирсэн Н.Энхбаяр МАН-ын удирдлагын түвшинд хагалттай нөлөөллөө бий болгож чадах хүний нөөцтөй гэсэн үг. Харин Монгол Төрийн шинэ тэргүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтцэд хийх томилгоогоо улс төрийн тохиролцоогоор биш, сонгуулийн улс төрд байгуулсан гавьяаны шагналын томилгоо биш болгохгүй гэж найдах үлдлээ.