ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний хувь хүний талаарх мэдээлэл хомс байдаг. Сергей Лавров нь ОХУ-ын томоохон улс төрч, нөлөө бүхий эрхмүүдийн нэг юм.
Сергей Лавров 1950 оны гуравдугаар сарын 21-нд Москвад хотод мэндэлсэн. Түүний аав нь Гүржээс гаралтай Армен хүн. Эцэг эх нь Гадаад худалдааны яаманд, гадаад хэрэгтэй холбоотой ажил эрхэлж байсан нь Сергей Лавровт ирээдүйн мэргэжлээ сонгоход том нөлөө үзүүлжээ.
Тэрбээр Ногинск хотын дунд сургуулийн алтан медальтай, Москвагийн олон улсын харилцааны сургуулийг 1972 онд төгссөн. Төрөлх орос хэлээс гадна англи, франц, сингаль хэлийг төгс эзэмшсэн.
Ажлын түүх нь:
- Москвагийн олон улсын харилцааны сургуулийг төгссөний дараа С.Лавров Шри-Ланк улсын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдон, ажлын гараагаа эхэлсэн байна.
- Улмаар 1980-аад онд НҮБ дахь ЗХУ-ын Байнгын төлөөлөгч, ахлах зөвлөх, Нью-Йорк дахь ЗХУ-ын Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
- 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр Эдийн засгийн байгууллагын албаны нэгдүгээр орлогч даргын албыг хашиж байв. Үүний дараа ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд Удирдлагын албаны даргаар ажиллаж байсан зэрэг ажлын арвин туршлагатай юм. Дипломатчаар ажиллаж байх хугацаандаа Лавров хүний эрх болон олон улсын соёлын хамтын ажиллагааны асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. Түүнийг барууны удирдагчид орчин үеийн хамгийн шилдэг дипломатч гэж үздэг.
- 2004 оноос эхлэн ОХУ-ын гадаад хэргийн сайдаар ажиллаж буй түүнийг Дмитрий Медведев, Владимир Путин гэсэн хоёр Ерөнхийлөгчийн үед хоёуланд нь сонгож байв.
Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн гуравдугаар курсийн оюутан байхдаа эхнэртэйгээ албан ёсоор гэр бүл болсон байна. Түүний эхнэр Мария Александровна Лаврова орос хэлний багш мэргэжилтэй.
Мария нөхрийнхөө түшиг тулгуур нь байж, гадаад дотоод томилолтод байнга хамт явдаг юм. Лавров НҮБ-д төлөөлөгч хийж байхад түүний эхнэр НҮБ-ын номын сангийн газарт ажиллаж байжээ. Тэд Екатерина хэмээх нэг охинтой. Түүний охин Нью-Йоркод төрж өссөн бөгөөд Колумбын их сургуулийг төгссөн байна.
Сергей Лавров чөлөөт цагаараа хөл бөмбөг, гитар тоглох дуртай. Мөн Орос ванн, Шотланд виски, Итали хоолонд нугасгүй дуртай нэгэн гэнэ.
Түүний талаар бас нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд Сергей Лавров маш их тамхи татдаг.
НҮБ-ын төв байранд тамхи татахыг хориглох тухай тогтоол гаргах санал хураалт явуулахад хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг бол Сергей Лавров байсан юм.