Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар ямар бодлого, зорилттой ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа.
-Аливаа улсын аюулгүй байдал, оршин тогтнохын үндэс нь усны асуудал яах аргагүй мөн. Тэр утгаараа манай улсад анхаарал татсан асуудлын нэг бол яах аргагүй усны асуудал. Бусад улс ялангуяа хөгжингүй орнууд бол усаа дагуулаад хөгжлөө тодорхойлоод явдаг юм биш үү?
-Аливаа улс үндэстэн, хот суурин газрын тогтвортой хөгжил, аюулгүй байдлын баталгаа бол усны зөв менежмент, сайн засаглалын асуудал юм. Дэлхийн хөгжсөн болон хөгжингүй орнуудын туршлагаас харахад Усны зөв менежмент, сайн засаглалыг хэрэгжүүлсэн байна. Ер нь усны нөөцөд тулгуурласан эрэлт хэрэгцээг хангаснаар ард иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийг хангаснаар ядуурлыг бууруулна.
Эртний түүх шастираас үзэхэд ямар ч улс, хот суурин, балгад гол усаа даган байрласан байдаг. Европ тивийн Дунай, Рейн, Африк тивийн Нил мөрнийг дагаад хэчнээн олон хот суурин байдаг билээ. Манай улсын эртний нийслэл Хархорин Орхоны хөндийд байсан бол Улаанбаатар хот маань Да хүрээ, Нийслэл хүрээ, Өргөө гээд л олон нэрийг олж олон удаа нүүдэллэхдээ хамгийн сүүлд “Алтан тэвшийн хөндий” гэж нэрлэсэн Туулын хөндийд ирж суурьшсан. Ер нь хөгжсөн, хөгжингүй орнуудыг харахад хязгаарлагдмал усны нөөцөө зөв ашиглаж, зөв хэрэглэж, хуримтлуулж, усны үр шимийг хүртэхийн зэрэгцээ усыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж байгаад л гол асуудал нь байгаа юм.
Дэлхийн бөмбөрцгийн ихэнх хэсэг нь ус, гэхдээ далайн давстай ус 97.5 хувь байна. Нийт усны 2.5 хувийг унданд хэрэглэх боломжтой цэвэр ус байдаг. Түүнээс тодорхой хэсэг нь Арктик болон Антарктидийн мөс буюу хатуу хэлбэртэй байдаг. Манай орны хувьд Төв Азийн тэгш өндөрлөг газарт, далай тэнгисээс алс хол оршдог бөгөөд эх газрын эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутагтай усны нөөцийн тархалт нь жигд бус, усны нөөцийн 70 гаруй хувь нь нутгийн хойд хэсэгт буюу Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл, Саяны нуруу, Хянганы уулс зэрэг өндөр уулын бүсэд бүрэлдэн бий болдог. Мөн манай орны нэг онцлог нь нийт гол мөрний 60 гаруй хувь нь гадагш урсан гардаг. Жишээ нь олон жилийн дунджаар үзэхэд Сэлэнгэ мөрнөөр нэг секундэд 335 шоометр ус ОХУ руу урсан гардаг.
-Манай орны хувьд өргөн уудам нутагтаа усны ямар менежмент хийх ёстой вэ. Ямар бодлого боловсруулах нэн шаардлагатай гэж үзэж байгаа вэ?
-Нэгдүгээрт, бид хүн амаа чанарын шаардлага хангасан баталгаатай ундны усаар хангах хэрэгтэй. Хоёрдугаарт, Монгол орны онцлог болох хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариаланг усаар хангаж байж хүнсний аюулгүй байдлаа хангана. Гуравдугаарт, бусад улс орны жишгээр хөгжихийн тулд үйлдвэр, уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдээ хөгжүүлэх шаардлагатай учир үйлдвэр, уурхайгаа усаар хангана. Дөрөвдүгээрт, байгалийн экологийн тэнцлийг хангах усыг Байгальд заавал үлдээж байж экологийн тэнцлийг хангах болно. Тэгснээрээ ургамал амьтан, хөрс, мод зүлэг бүгд ургаж, тэжээн тэтгэгдэж байдаг онцлогтой. Тавдугаарт, усны сайн засаглал буюу цахим засаглал, усны зөв менежментийг бүх шатанд хэрэгжүүлэх бодлогыг баримтлах хэрэгтэй байна.
2020 онд батлагдсан Монгол Улсын “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ус-үнэт баялаг” гэсэн зорилтот хөтөлбөр боловсруулж байна. Энэ хүрээнд бид улсын усны нөөцийн менежментийн төлөвлөгөө боловсруулаад, төслийг салбарын эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог хангасан хэлэлцүүлгүүд хийж төсөл боловсруулаад харьяа яамандаа хүргүүлсэн. Ер нь “Алсын хараа” бичиг баримтын хүрээнд бодлогоо 2021-2030, 2031-2040, 2041-2050 гээд гурав хуваасан. Энэ дагуу буюу 2021-2030 онд усны үнэлэмжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хуримтлуулах асуудалд ихээхэн ач холбогдол өгч байна.
Ус байгаль дээр байхдаа үнэгүй байдаг, хар ус харамладаггүй гээд усыг үнэгүйдүүлж болохгүй, харин ч усыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ус үнэтэй болж эхэлдэг. Иймээс усны үнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт дулааралтай холбоотой усныхаа нөөцийг хуримтлуулах, хиймэл усан сан, хөв цөөрөм олноор байгуулах шаардлагатай. Сүүлийн үед баригдаж байгаа олон үйлдвэр, аж ахуйн газруудыг усаар хангах томоохон бодлогуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улс түүхэндээ хоёр удаа Усны аж ахуйн яамтай байсан. 1986 онд Усны аж ахуйн яам татан буугдсанаас хойш төрөөс усны талаар баримтлах бодлого алдагдаж, салбар эзэнгүйдсэн. Усны тухай хуулийг 2004 онд баталж, 2005 онд Усны асуудал хариуцсан Төрийн захиргааны байгууллагыг байгуулсан боловч 2012 онд төсвийн хэмнэлт нэрээр татан буулгаж, БОАЖЯ-нд усны бодлогын газрыг байгуулж үйл ажиллагаа явуулж байв. Харин хоёр жилийн өмнө буюу 2020 онд Усны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар” байгуулахаар шийдвэрлэсний үр дүнд Усны агентлаг байгуулагдаад жил гаруй болж байна. Манай агентлагын эрхэм зорилго нь усны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ус ашиглагч, хэрэглэгч, хангагч байгууллага, сав газрын захиргаадыг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, усны нөөцийг нэмэгдүүлэх, зөв зохистой ашиглах, хамгаалах, усны хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа.
-Энэ урт хугацааны бодлогоос танай агентлаг яг аль хэсгийг барьж, хэрхэн хэрэгжүүлж байна вэ. Ер нь усны үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж байна уу?
– Ус бол үнэгүй, дуусашгүй гэх хандлага огт байж болохгүй. Ус үнэтэй байх ёстой юм. Усыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Ийм л чиглэлийг барьж ажиллахаар үндсэн баримт бичигт тусгасан. Дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд усныхаа нөөцийг хамгаалах хиймэл усан сан, нуур цөөрмийг олноор барьж байгуулах шаардлагатай боллоо. Усны үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Татварын ерөнхий газартай хамтран аж ахуйн нэгжүүдийн ус хэрэглэсний төлбөр хураамж аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэдэн хувийг эзэлж байгаагаас хамаарах тооцоо судалгааг хийсэн. Уул уурхайн салбарт ус ашигласны төлбөр хураамж нь 0,01-0,09 хүртэл хувийг эзэлж байна. Жилдээ ус хэрэглэсний төлбөрт 46-48 мянган тэрбум төгрөгийн төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж байна.
Эрх зүйн зохицуулалтаараа энэ орлого орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд чиглэгддэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Усны салбарын тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд томоохон зөвлөгөөн болсон. Энэ үеэр эрдэмтэн судлаачид ус ашигласны төлбөрийг эргээд байгаль орчныг хамгаалахад зориулах усан орчныг нөхөн сэргээж, нэмэгдүүлэхэд зарцуулах шаардлагатай гэж үзээд орон нутгийн төсөвт бус улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлээд, төрийн нэгдсэн бодлогоор зарцуулбал улс орны хөгжилд нөлөөлөхүйц бодлого хөтөлбөрүүдэд зарцуулах ёстой. Мөн усны үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.
-Мэдээж, ус үнэтэй байх ёстой. Үнэгүйдүүлж огт болохгүй. Хамгийн гол нь үнэд хүргэх усны нөөц гэдэг асуудал гол нь байж таарна. Тийм ч учраас усны нөөц бүрдүүлэх асуудалд онцгой анхаарна гэж Та хэллээ. Усны нөөц, хуримтлал үүсгэх ажлын явц, ирээдүй ямархуу байгаа юм бол?
-Ус нөөцлөх, хуримтлуулах талаар анхаарч, томоохон ажлууд хийхээр төлөвлөсөн. Тухайлбал “Хөх морь” төслийг хэрэгжүүлэх судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд Монгол орны 12 томоохон гол мөрөнг түшиглэн, 33 байршилд ус нөөцлөх, хуримтлуулах усан сан барих боломжтой. Эдгээр байршилд усан сан барьж байгуулснаар жилдээ 52 тэрбум шоометр ус хуримтлуулах боломжтой. “Хөх морь” төслийн хүрээнд ХэрлэнТооно, Орхон-Онги гэсэн хоёр том төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-г нь боловсруулсан. Эдгээр төслийг хамтран хэрэгжүүлэх талаар Герман, Англи, Унгар, Польш, Япон, БНХАУ болон Европын Холбооны улсын Элчин сайдын яаманд хандсан. Зарим нэг гаднынхөрөнгө оруулагчид манай төсөл хөтөлбөрүүдийг сонирхож байна. Хараахандаа хамтраад ажиллая гэсэн шийдэлд хүрээгүй байна.
-“Хөх морь” төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Орхон-Онги” төслийн талаар тодруулна уу?
-Энэ бол цэвэр экологийн төсөл. “Хил хязгааргүй ногоон дэлхий” гэдэг танай байгууллагад зориулсан төсөл гэж хэлж болно. Онгийн гол өргөн уудам тал, говь дундуур 300 гаруй км урсдаг. Өвөрхангай, Дундговь, Өмнөговь гээд гурван аймгийн зургаан сум дамжин урсдаг том гол шүү дээ. Гурван аймгийн зургаан сумын 28 гаруй мянган иргэн, 230 орчим мянган толгой малыг ундаалж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, ногоон бүс байгууламжийг бий болгох, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх тун өгөөжтэй төсөл. Дээрх төслийг хэрэгжүүлэхэд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цагаан бургастай” орчимд усан боомт барих боломжтой газрыг сонгосон. Энд усан сан барьснаар 65 сая кубметр ус хуримтлуулах боломжтой. Тус боомтыг барихад 11 орчим сая доллар хэрэгцээтэй байгаа. Цаашлаад Дундговь аймгийн СайханОвоо сумын Онгийн хийд орчим боомт барих боломжтой. Онгийн хийдийн орчим 80 орчим сая шоометр ус цуглуулах боломж байгаа тул Онгийн гол маань Өмнөговийн Мандал-Овоо сумын нутаг дахь Улаан нуур хүртэл байгалийн жамаар урсах боломжтой болох юм.
Сүүлийн жилүүдэд иргэд ган, зудаас болж нүүдэл суудал ихээхэн хийх болсон. Олон мянган малаа алджээ. Ард иргэдээ амар тайван амьдруулах, тэжээн тэтгэхийн тулд усаа нөөцөлж, хуримтлуулснаар хадлан тэжээлийн газрыг усжуулж, ангасан цангасан хүн, малд алт мөнгөнөөс илүү ус өгч тус дэм болох учиртай.
-Манай улсын усны хэрэглээ ямархуу байдаг юм бол. Усыг аль салбар, аж ахуйн нэгж түлхүү хэрэглэж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай улсын хувьд усны нийт хэрэглээ 594 сая шоометр орчим байгаа. Нийт 594 сая орчим шоометр усны хэрэглээний 33 хувь буюу 190 орчим сая шоометрийг нь мал аж ахуйн салбарт хэрэглэдэг. Газар тариаланд 24 хувь буюу 145 орчим сая шоометрийг, уул уурхайд 19 хувь буюу 113 сая м3, хүн амын унд ахуйд 14 хувь буюу 84 сая шоометр усыг, харин 7 хувь буюу 41 сая шоометр орчмыг үйлдвэр аж ахуйн зориулалтаар хэрэглэж байна.
-Томоохон боомтууд дээр ус хуримтлуулах сан байгуулна гэж байна. Хэзээнээс хэрэгжүүлэхээр тооцов. Та бүхний ажилд нөр их хүч хөдөлмөр, санхүүжилт хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Яг хаанаас эхэлж хэрэгжих боломжтой төслүүд юм бэ?
-Хэрэгжүүлэхэд нэн тэргүүний боломжтой нь Хэрлэн голыг түшиглэн хэрэгжүүлэх төсөл. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэн Тооно уулын боомтыг хамгийн тэргүүнд барьж байгуулах нь нийгэм эдийн засагт ихээхэн ач холбогдолтой. Тооно уулын орчим 2400 метрийн урт 40м өндөртэй боомт барьснаар 1 тэрбум 600 сая шоометр ус хуримтлуулах боломжтой.
Хэрлэн гол 2018 оны долдугаар сард Дорнод аймгийн ЦагаанОвоо сумын нутагт тасарч байсан гашуун түүх бий. Хэрлэн голыг ямар ч ган гачигтай үед устай байлгахын тулд Хэрлэн тооно уулын боомтыг барих шаардлагатай гэж үзэж байгаа. Хэрлэн тооно уулын боомтоос Сайншанд хүртэл усны шугам хоолой тавих гэх мэтчилэн томоохон ажлыг хийнэ. Гол нь Сайншандын аж үйлдвэрийн парк. Тэнд газрын тос боловсруулах, гангийн үйлдвэр, кокс химийн үйлдвэр, дулааны цахилгаан станц зэрэг олон үйлдвэр байгуулж байна. Тухайн бүс нутгийг усаар найдвартай хангахад анхаарсан.
Энэ төсөл хэрэгжсэнээр усаа дагаад илүү олон үйлдвэр баригдана. Суурьшлын бүсүүд бий болно. Мөн Зүүнбаян Тавантолгой чиглэлийн төмөр замын дагуу олон тооны худаг гаргаж бүтээн байгуулалт хийсэн. Төмөр замын дагуу нөөц нь тогтоогдсон нэлээд хэдэн газрын доор усны орд бий. Хамгийн том нь Цагаан цавын орд. Эндээс Эрдэнэс таван толгойг усаар хангаснаар нүүрс угаах, дулааны цахилгаан станц барьж байгуулах ажлыг давхар шийдэх боломжтой. Нэн тэргүүн бид нөөцийг нь тогтоосон газрын доорх усны орд газруудаа ашиглаж эхэлнэ. Алс хэтдээ гадаргын болон газрын доорх усаа хосолсон байдлаар ашиглах боломж бүрдэнэ. Гадаргын усаа шугам хоолойгоор дамжуулан урсгаж газрын доорх усаа нөхөн сэргээх тэтгэх системийг бий болгоно гэж үзэж байна.
-Голын боомт гэдгээ тайлбарлана уу. Юуг боомт, юуг далан гээд байна вэ?
-Голын урсгалын хөндлөн чигт барьсан буюу урсгалыг хашиж боож байгааг нь боомт. Харин голын урсгалын дагуу барьж байгааг нь далан гээд байгаа юм. Манай улс жилдээ урсан гарч байгаа усныхаа нөөцийн тодорхой хувийг Монголдоо авч үлдэх асуудал л гол байгаа юм. Гадагш урсаж гарах усаа хуримтлуулснаар яалт ч үгүй экологийн таатай орчныг бүрдүүлнэ. Зуд турхан болсон ч асуудалгүй. Хуримтлуулсан усаараа бэлчээрийн усан хангамжийг сайжруулах тул даваад гарах нөхцөл бүрдэнэ. Мэдээж устай бол загас жараахай өсөж үржихийн хажуугаар малчид, иргэд нутаг орондоо ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Нутаг дамжаад нүүдэл суудал хийж нутаг орон эзгүйрэх аюул үгүй болно. Отор хийгээд амьтан хүнд хөөгдөж амьдрахгүй нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Ядахдаа нутгийн иргэдийг өвс тэжээлээ өөрийн нутгаасаа авах нөхцлийг бүрдүүлэхээр төсөлдөө тусгасан.
Зуд болоход хэдэн малын үнэ унаж, малд нь идэх өвс ч олдохоо байсан гашуун цаг үеийг манай малчид туулж байна шүү дээ. Ус л байвал бүс нутагт хадлан тариалангаа хөгжүүлж өөрсдөө хадах боломжийг бүрдүүлж өгнө гэсэн үг. Төсөл хэрэгжсэнээр уснаасаа эцсийн бүтээгдэхүүн болох эрчим хүчийг гарган авч бүс нутгийг эрчим хүчээр хангах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт биелнэ. Нүүрсээр галладаг цахилгаан станцууд хүлэмжийн хий ялгаруулж байгааг харж байгаа биз дээ. Усан цахилгаан станцууд хүлэмжийн хий ялгаруулдаггүйгээрээ онцлогтой. Экологийн ийм том төслүүдээ улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай. Төр нь бодлогоор дэмжиж байж л дээрх ажлуудыг хийж гүйцэтгэж чадна.
-Улсаар бодлогоор дэмжүүлмээр юм байна. Төсвөөс санхүүжүүлбэл төслүүдийг хэрэгжүүлж үр дүнг үзэх нь ээ. Олон талын ашигтай, ирээдүйтэй, экологийн төслүүдээ төр нь хэр дэмжиж байна даа?
-Дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ирэх жилийн төсөвт дээрх хоёр төслийн ажлын зургийг боловсруулах зорилгоор 11 орчим тэрбум төгрөг төсөвлөх хэрэгтэй байгаа тооцоо судалгааг хүргүүлсэн. Өвөрхангай, Дундговь аймгаас сонгогдсон гишүүд ихээхэн дэмжиж байгаа. Угтаа эдгээр аймгуудад үр өгөөжтэй гэхээсээ илүүтэй улсдаа өгөх ашиг тус маш их гэдгийг хэн хүнгүй ойлгох учиртай.
-Хамгийн сүүлд танаас сонирхож асуухад “Хар ус харамлаж болохгүй…” гэх үг усыг хэт үнэгүйдүүлэх шалтаг болсон уу, үгүй юу?
-Манай монголчууд “Ус чандмань эрдэнэ” гэж дээр үеэсээ усыг эрхэмлэж хүндэлж
ирсэн ард түмэн. “Хар ус харамладаггүй” гэдэг нь усыг үнэ цэнэгүй талаас биш харин ч ам цангасан, харангадаж үхэх гэж байгаа хүний амьд явах эсэхийг шийдэх асуудал юм. Говийн догшин хутагт Данзанравжаа хэлэхдээ “Ангаж цангасан хүнд алтнаас илүү ооч ус өг” гэж хэлсэн байдаг. Ус ийм чухал гэдгийг илэрхийлсэн маш гүн утгатай үг юм. Өвдөж зовоод ядарч зүдрээд босоод ирсэн хүнийг ус уух хувьтай гэдэг шүү дээ. Амьд явахад, амьдрахад ус ямар чухлыг хэлсэн байгаа биз.
“Монголын нууц товчоо”, “Халх журам” зэрэг түүхэн бичиг баримтад усыг ариг гамтай, бохирдуулахгүй хэрэглэх талаар ямар арга хэмжээ авч байсныг тун нарийн зааж өгсөн байдгийг санахад илүүдэхгүй л болов уу. Манай монголчууд усаа үеийн үед нандигнан хайрлаж ирсэн түүхтэй ард түмэн.
-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.