Барилгын крантай холбоотой асуудлаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /МХЕГ/-аас мэдээлэл хийлээ.
Тус газрын төлөөлөл “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Номин Реалтор ХХК-ийн захиалгат барилгын талбайд гурван өргөх төхөөрөмж байрлан ажиллаж байсан бөгөөд бүгд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн. Үүний хоёр нь авто кран нэг нь цамхагт кран байсан. Цамхагт краны хувьд тухайн үед ажил гүйцэтгээгүй бөгөөд 70 метрийн урттай, 4 тонн даацтай байсан.
Харин осол гаргасан буюу унасан авто краны тухайд улсын бүртгэлийн 2266 дугаартай, 50 тонны даацтай байсан бөгөөд кран дээрээс унасны улмаас хоёр хүн амиа алдсан. Мөн тухайн ослын үед нэг хүн өндрөөс унаж гэмтсэн. Тус хашаанд ажиллаж байсан өөр нэг авто кран нь 25 тонныг даацтай байсан юм” гэлээ.
Мөн тус ослын улмаас хүний амь эрсэдсэн учраас Эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Урьдчилсан байдлаар тус барилгын ажил зургаадугаар сараас эхэлсэн гэх мэдээлэл бий гэдгийг албаныхан хэлж байна.