УИХ-аар Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэн. Энэхүү илтгэл нь 6 бүлэгтэй бөгөөд “Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл” гэсэн 5 дугаар бүлэгт ишлэсэн баримтууд эрхгүй анхаарал татаж байгаа юм.
ХЭҮК-оос “Цэргийн алба хаагчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан 77 тохиолдлоос 44 хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд хохирсон байх бөгөөд эдгээрийн 18 нь офицер, ахлагчийн, 25 нь хугацаат цэргийн алба хаагчийн хоорондын дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ. Үйлдлийн аргаар нь авч үзвэл 56 нь зодож цохих байдлаар хүч хэрэглэсэн, 8 нь галт зэвсэг ашигласан, 8 нь хутга хэрэглэсэн, 2 нь зодохоос бусад хэлбэрээр үйлдэгдсэн бол 3 нь болгоомжгүй байдлаас үйлдэгдсэн” гэсэн тоо баримтыг танилцуулсан.
Дараах баримтыг уншиж, сонсох ээж, аав, ах дүүсийнх нь элэг зүрх хэрхэн энэлэн шаналах бол гэхээс, уншигч Таниас сэтгүүлч би хүлцэл өчье.
…Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг… Ялангуяа шинэхэн офицерууд ахлагч нараа, ахлагч нар хал цэргүүдийг, хал цэргүүд шинэ цэргээ дарамталдаг.. Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно… цустай нь хутгана ш дээ, тэгээд л маргааш нь халуунд шинэ цэргүүдийг дарамтална.. Алчуураар гарааороож байгаад нүүр лүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй… Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л, толгой манараад л ухаан алдсан байдаг… Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй “шийртэй” нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь “хоохордох” гэдэг. Ёстой аймаар ш дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд чих шуугиад байдаг юм билээ. Мөн “тугны иш” гэдэг дэглэлт байдаг. Тэр нь гар дээр нь тулж хэвтүүлээд өгзөг рүү нь гуталны өсгийгөөр цохих эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй, маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцэх эсвэл хаашаа ч хамаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө…Бас том сав, аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг, тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд 1 км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр шууд бөөлжинө ш дээ.. зарим нь өмдөндөө “авчихна”, тэгэхээр нь ахиад л зодно.. Бойтог цэргүүд л их
дарамтлуулна…
(ЗХ-ний …дугаар ангид 2021 онд хугацаат цэргийн алба хаасан иргэний ярилцлагаас)
Эр цэргийн албанд эх орноо хамгаалах гэж морддог, ээж аавын алаг үрсийг зодож тамласаар байх уу? Зүгээр л тоо баримт ярьдаг байгууллагууд ажлаа хэзээ сайжруулж, хүнээ хэрхэн хамгаалах вэ?
Анхаарч цэгцэл ээ