Урд шөнийн бороо, газрын хөрс, ургамал, цэцгийн үнэр тээсэн салхи үл мэдэг сэвэлзэнэ. Үнэртээд л тэрчигтээ алхаад баймаар. Хөглөрсөн усархаг үүл уулын орой биеэр тунарна. Шөнөдөө бороо ороод хоножээ. Бороотой, нартай, тэгсэн хэрнээ өдөртөө хэт халахгүй байна гэдэг, сайхан зуны төгс шинж дээ.
Бие нь харагдахгүй ч, бяцхан жаахан шувуухайнууд “энд би жаргалтай байна”, “энүүхэндээ бид цэнгэлтэй байна” гэх шиг энд тэндгүй жиргэлдэнэ. Хөхөө тэртээд хаа нэг донгодно. Нэг хэсэг чимээ тасрахад, чих дүлийрэх нь энэ үү гэмээр өвлийн шөнө шиг нам гүм оргино. Жигтэйхэн ажин түжин.
“Тавд яг таарах нь, зургаан цаг оройтох нь” хэмээн өглөөний сайханд урамшсан сэтгэл хэдийд босч байхаа хүртэл хэдийнээ яг таг товлосон мэт илт сэргэнэ. Нээрэн ч зун гэдэг залуу нас шиг өглөө, оройд нь хүртэл анзааргагүй алдаад баймааргүй үнэхээрийн урамтай улирал даа.
