УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал хэллээ. Тэрбээр “Сүүлийн үед төр сошиалаар асуудалд ханддаг нь хэрээс хэтэрч байна. Өчигдөр Зайсанд хэдэн гэр буулгах, тэндэхийн ажилтныг баривчиллаа. Энэ арай хэтэрч байна. Төр зөвшөөрснөөс бусдыг явуулах боломжтой. Харин аж ахуй нэгжүүд хориглосноос бусад бүх зүйлийг хийх боломжтой. Өөрсдөө аялал жуулчлал явуул гэж зөвшөөрөл өгчхөөд буцаагаад дээрэмдэнэ гэдэг буруу зүйл. Эндээс харахад төр олон зүйл рүү төр дайрч орлоо. Төр Хөтөл рүү дайрч орсноос болж цемент гаргахаа байчихсан. Хөгжлийн банкнаас зээл авсан “Бэрэн”-ийн асуудал юу болов.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын аж ахуй нэгжүүд давхар хохирч байна. Дулааны аргаар боловсруулсан мах ойролцоогоор 20 мянган төгрөгийн үнэтэй. Чанартай мах байгаа. Үүнийг экспортолбол 100 гаруй мянган ам.доллар олох боломжтой. Ингэж сошиалд автаж төр засгийн үйл ажиллагаа явагдана гэдэг буруу. Цаашдаа бүх зүйлийг та нар социализм руу буцаагаад аваач л даа. Хамаг орлого олдог бизнес рүү гээ дайрч болохгүй. Эцэстээ ямар ч орлогогүй болох байдал руу очиж байна. Чөлөөт зах зээлийг дэмжих арга хэмжээ авах хэрэгтэй” гэлээ.