Бүжгийн урлагийн тухай яриагаа эхлүүлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Та бүжгийн урлагт хэрхэн хөл тавьсан бэ?
Намайг Лхаажавын Баттөр гэдэг. Одоо Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын даргын орлогч, Уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Бүжгийн урлагт багаасаа шимтэн дурласан. Анх 3-р ангид байхдаа хуучнаар Эмнэлэг гэгээрлийн ордоны бүжгийн дугуйланд н.Майхүү багшийн удирдлаган дор хичээллэж байгаад 4 дүгээр ангидаа Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Монгол улсын гавьяат багш Д.Жаргалсайхан багшийн удирдлаган дор 8 дугаар анги төгстлөө хичээллэсэн. Хүүхдийн ордонд суралцсанаараа бүжгийн мэргэжлийн анхны суурь мэдэгдэхүүнийг эзэмшин, цаашид бүжигчин мэргэжлийг сонгон судлах гараа болсон. 1996 онд СУИС-д Бүжиг дэглээч мэргэжлээр суралцаж эхэлсэн. Их сургуульд байхдаа Бүх Цэргийн Дуу Бүжгийн Чуулгад бүжигчнээр ажиллаж эхэлсэн минь чуулгатайгаа ажил, амьдрал, уран бүтээлийн гараагаа холбох эхлэл болсон. Одоо 24 дэх жилдээ ажиллаж байна.
Таны дэглэсэн бүжгүүдийн агуулга хийгээд онцлогийн талаар ярилцая!
УГЗ Б.Алтанцэцэг, МУГЖ Л.Ганчимэг, СТА Х.Гансүрэн гээд олон багш нарын зааж сургасан бүжгийн онолын болон бүжиг дэглэн найруулах ур чадвар, арга барил, ур ухаан нь бүжиг дэглээч болоход маш том нөлөө үзүүлсэн. 2005 онд бүжгийн дасгалжуулагч багшаар томилогдон бүжигчидтэй ажиллаж эхэлсэн минь цаашид бүжиг дэглээчээр ажиллахад дадлага болж өгсөн гэж боддог. 2009 оноос чуулгадаа ерөнхий бүжиг дэглээчээр ажилласан. Мэдээж цэргийн тодотголтой чуулга болохоор цэрэг эх орны сэдэвтэй бүжгүүд дэглэн тавих нь тодорхой гэхдээ чуулгын уран бүтээлийн бодлогын хүрээнд үндэсний уламжлалт, олон үндэстний, орчин үеийн зэрэг олон бүжгийн төрөл жанруудаар бүжиг дэглэх, найруулах шаардлага гардаг. Миний хувьд бол цэргийн сэдэвт бүжгүүдийн урын санг нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна.
Та улсын болон олон улсын бүжгийн уралдаануудад бүжиг дэглээчээр оролцож томоохон амжилтуудыг гарган шагнал хүртэж байсан шүү дээ. Уралдаануудынхаа тухай бидэнтэй хуваалцахгүй юу?
Миний хувь ӨМӨЗО-ны Хөх хотод зохиогдсон олон улсын Монгол бүжгийн III уралдаанд “Тогоруу бий” бүжгээр шилдэг бүжиг дэглээч, “Номадик балет” бүжгийн уралдаанаас “Шилдэгт бүжиг дэглээч”-ийн шагналыг авч байлаа. Миний гаргасан амжилт гэхээсээ илүү дэглэсэн бүжгүүдийг маань СТА Х.Юүлэхорол, Б.Бат-Өлзий, Н.Нарандэлгэр зэрэг залуу бүжигчид хийж олон улсын болон улсын чанартай олон уралдаан наадмуудад амжилттай оролцож “Гранпри”, “Тэргүүн”, “Дэд”, “Гутгаар” болон тусгай, шагналт байруудад шалгарч амжилт гаргасан нь их байх. Чадварлаг бүжигчдээрээ үргэлж бахархаж явдаг.
Бүжгийн урлагт хайртай сонирхолтой, хичээллэхээр зорьж байгаа хүүхэд, залууст хандан зөвлөгөө өгөөч?
Бүжгийн урлаг бол хүнд хөдөлгөөнийн эвсэл харилцааны соёл, гоо зүйн төлөвшлийг олгохоос гадна сэтгэл судлал, хөгжмийн, уран зургийн, хувцас дизайн гэх зэрэг олон талын мэдлэг, мэдээлэл боловсролыг олгож байдаг болохоор хүүхэд залуус маань сүүлийн үед бүжгийн урлагийг сонирхон хичээллэх нь их болсон байх. Ямарч бүжгийн төрөл жанрыг сонгон хичээллэсэн тууштай хөдөлмөрч байж, цаг ямагт зорилго тавин түүндээ хүрэхийг эрмэлздэг байх нь чухал.
ЦДБЭЧ-д бүжигчнээр ажлын гараагаа эхлүүлж өдгөө Уран сайхны удирдагчаар ажиллаж байгаагийн хувьд чуулгын бүтээлүүдийн өнгө төрх, ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?
90 жилийн хугацаанд чуулгын маань уран бүтээлийн бодлого жилээс жилд өргөжиж ирсэн. Бүтээлийн агуулга, чанар, хүртээмжид ч мөн томоохон өөрчлөлт шинэчлэл хийгдсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд цэрэг эх орны сэдэвт дуурь, бүжгэн жүжиг, дуулалт жүжиг зэрэг том хэлбэрийн бүтээлийн тоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд уран бүтээлийн төлөвлөлтүүдийг хийн ажиллаж байна. Мөн хувь уран бүтээлчдийн уран бүтээлийг дэмжих, тэднийг мэргэжлээрээ ахисан түвшинд сурч боловсрох, хөгжих тал дээр чуулга дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Боловсрол, мэргэжлийн ур чадвар өндөртэй уран бүтээлчид цаашдын чуулгын өнгө төрх, ирээдүйг тотдорхойлно гэж бодож байна.
Энэ онд ЦДБЭЧ-ын 90 жилийн ой тохиож байгаа юм байна шүү дээ. Ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй тоглолтуудынхаа талаар уншигчидтайгаа хуваалцахгүй юу?
90 жилийн ойн хүрээнд чуулгын урын сангийн шилдэг бүтээлүүдээс бүрдсэн тоглолтыг ахмад уран бүтээлчидтэйгээ хамтран тоглох, өнөө цагийн цэргийн чуулгын өнгө төрхийг харуулсан 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, уран бүтээлийн албадууд, чуулгаас төрөн гарсан алдартан гавьятнууд, залуу уран бүтээлчдийн бие даасан тоглолтууд, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах олон тоглолт уран бүтээл, соёлын арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна. Мөн хөгжмийн зохиолч, ахмад хөгжимчин МУУГЗ Г.Батнасангийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн улсын уралдаан, бүжиг дэглээч МУГЖ Д.Ламжавын нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан, Цээл хоолойд зориулсан цэргийн сэдэвт дууны бүтээлийн уралдаануудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ойн хүрээнд зөвхөн тоглолт уран бүтээл гэлтгүй засвар, тохижилт үйлчилгээний олон арван ажлуудыг манай ар тал, аж ахуй үйлчилгээний албаныхан, ахмад уран бүтээлчдийн үр хүүхдүүд хамтран төлөвлөн хийж хэрэгжүүлсээр байна.
Энэ жил Монгол Улс Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд чуулгын түүхэн ойтой давхцсан нь бидэнд шинэ бүтээл туурвих санаа төрүүлсэн гэж хэлж болно.
Тус ойд зориулан “Үнэ цэн” энхийг сахиулагчдын сэдэвт бүрэн хэмжээний мюзиклийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Мюзикл энэ сарын 28-ны өдөр нээлтийн тоглолтоо хийнэ.
Одоо шинээр хийгдэж буй “Үнэ цэн” мюзиклийн талаар ярилцая гэж бодож байна. “Үнэ цэн” мюзиклээр дамжуулан залуучууд, цэрэг дайчдад хүргэх гэсэн санаа нь чухам юу вэ?
“Үнэ цэн” мюзиклээр дамжуулан олон улсын болон бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгахад хүчин зүтгэж буй монгол цэргийн багийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, тэдний ар гэрийнхний үнэ цэнийг харуулан, Монгол цэрэг-Дэлхийн цэрэг хэмээх ойлголтыг батлан харуулахыг зорьсон бүтээл юм.
Таны хувьд хамгийн “Үнэ цэн”-тэй зүйл юу вэ? Үнэ цэн гэж яг юу юм бэ?
Мэдээж хүний амьдралын бүхий зүйл гэр бүл, хайр сэтгэл, урлагийн бүтээл бүгд л үнэ цэнтэй шүү дээ. Миний ч хувьд эдгээр бүх зүйл хамгийн үнэ цэнтэй зүйлс минь байдаг.