Халдварт өвчний чөдөр тушаагаа тасдаж, тайлж хаясан болоод ч тэр үү энэ зун хөл хөдөлгөөн найр наадамд хөглөрч зусах бололтой. Уг нь ковидын тушаа гүйцэд тайлагдаагүйг уг нь хүн бүхэн л мэдэж байгаа. Гэхдээ бид өөрсдөдөө эрх чөлөөг өгчихсөн. Үүний ганцхан жишээ л гэхэд саяхан нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход тавхан хүн маск буюу амны хаалт зүүчихсэн явж байгаа харагдав. Энэ бол бид өвчнийг хаячихсан мэт сэтгэлгээтэй болсон гэсэн үг.
Харамсалтай нь өнөөдрийн байдлаар ковид-19 бас байсаар л. Өнөөдөр ч энэ өвчин гудамж, талбай, нийтийн тээвэр гээд хаана л бол хаана байгаа. Гэтэл эцэг эхүүд барааны зах, дэлгүүрээр яваад хүүдийн даашинз өнгөлөг гэгээлэг хувцас худалдан аваад эхэлчихсэн. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл хүүхдийн баярыг тэмдэглэх бэлтгэлээ хангаж байна. Мөн хүнсний дэлгүүрүүд амттан багцлаад бэлэг болгоод боочихсон байна. Мэдээж хүүхэдээ баярлуулалгүй яах вэ. Харин энэ жил яаж баярлуулвал болох вэ?
Их хотынхоо талбай дээр халуун наранд хүүхдүүдээ уйлуулан, ядраан хүчээр ганц нэг чихэр авч өгч, том, жижиг чихмэл амьтдын өмнө уурласан, инээсэн, уруу царайлсан зургуудыг нь даруулж хүүхдийн баяр сайхан болж байна хэмээн цахимдаа постолж өдрийг өнгөрөөх үү? Яг үнэндээ Хүүхдүүдийн дийлэнх хувь нь хүүхдийн баярт дургүй байдаг. Яагаад гэвэл томчууд өөрсдийнхөө хүслээр, өөрсдийнхөө дурласан газар луу дагуулж явж, өөрсдийнхөөрөө байлгаж байгаад өдрийг өнгөрөөдөг. Ийм байхад хүүхэд баярлах уу? Энэ мэтээр эцэг эхийг шүүмжлээд байвал дуусахгүй.
Тэгвэл хүүхэд юунд дуртай вэ. Хүүхдийн баяр гэдгийг ямар өнцгөөс хардаг вэ…энэ мэт бас олон асуултад хариулт хайж болох юм. Гэвч үүнээс илүү үнэ цэнэтэй баяр бол бидний үр хүүхэд эрүүл байх. Тиймээс ковидоос л хүүхэдээ хамгаалж чадвал бид том баяр тэмдэглэж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар ирэх Эх үрсийн баяр буюу 06 сарын нэгэнд Ulaanbaatar паласт өдрийн цагаар хоёр тоглолт, Соёлын төв өргөөнд нэг тоглолт, Бөхийн өргөөнд хоёр тоглолт гээд урлаг соёлын арга хэмжээ болдолг газар бүхэн хүүхдийн баярыг угтсан тоглолтуудыг товлож үзэгчийн тасалбараа аль эрт худалдаанд гаргажээ. Энэ бүхний цаана хүүхдийн эрүүл мэнд яваа. Тиймээс тоглолт зохион байгуулагч нар маш их хариуцлага үүрэх нь мэдээж. Зуны дэлгэр цаг болж байхад үр хүүхэдээ өвчин тусгачихвал ёстой муухай юм болно биз дээ. Амны билэггүй ч бид хэн хэндээ анхааруулах нь зөв байх. Эс тэгвэл дараа нь амаа барих асуудал гарвал хэндээ буруугаа өгөх вэ. Үнэндээ Манай Эрүүл мэндийн салбар хичнээн хичээсэн ч үйлчилгээ нь ямар билээ. Энэ бол бодох цаг. Бодох үе. Үнэндээ бид туушрамгай ард түмэн. Бусдын хүүхдээс хүүхэдээ дутаахгүй гэх гажиг бодолтой аав, ээжүүд. Тэгэхээр баяр баяслыг төрүүлэгч үр хүүхэдээ баярлаж, бахархах өдрөөр нь л зөв байхыг хүсэж байгаа юм. Магадгүй энэ хэт их бөөрөнхийлсөн эсвэл олон санаатай зүйл мэт бодогдож магад. Гэхдээ Хүүхдийн баярын өдрөөр корона гэдэг өвчинг хаа нэг газар нууж хааж болохгүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.
Тиймээс өөрсдөө л эрүүл мэндэдээ эзэн байж үр хүүхдээ хамгаалъя. Магадгүй сайн аав, ээж бол коронаг ардаа нуучихаад үр хүүхэдээ баярлуулж чадна. Үүнийг л би хүсээд байгаа юм. Зөвхөн хүүхдийн баяр ч биш орон нутгийн олон тэгш ойн баяр, улсын баяр наадам энэ бүхнээс ковид зугтах бил үү…