Аз жаргалыг хаанаас эрэх вэ? Өөр хаанаас ч биш, өөрийн сэтгэлээс олох хэрэгтэй гэнэ. Хүн тэгтэл аз жаргалыг өөрөөсөө биш, өөр хэн нэгэн хүнээс, өөр аль нэгэн зүйлсээс аяндаа ирнэ гэж хүлээдэг, олно гэж найддаг, хаана байна хэмээн хайдаг. Аз болж, аз жаргалыг оллоо гэхэд, алдахгүй байхсан гэж мэрийдэг, хав дарж хадгалахсан гэж чармайдаг. Гэтэл өөрөөс биш, өөрийн сэтгэлийн дотроос ундарч төрөөгүй л бол, олоход хэцүү, оллоо ч гэсэн тогтооход амаргүй. Мөнгө байгаад ч нэмэргүй, өнгө байгаад ч тусгүй. Сэтгэлээрээ дандаа өлсөнө. Болж л өгвөл, амнаас нь байхгүй гэдэг билэггүй үг цухалзана. Тэгэх тусам сэтгэл хоосорно, амжилт холдоно, амьдрал эзгүйрнэ. Аз жаргал гэдэг уул нь бусдын төлөө юухан ч болов хийх, амьдралын зорилгыг ч тэр л гэдэг… 

“Энэхэн мөчдөө л аз жаргалтай бай, энэ л амьдралын чинь нэгээхэн мөчлөг” хэмээн эртний шүлэгч Омар Хайям нэгэн мянганы тэртээгээс шивгэнэж, “хаа явсан газартаа хайр энэрэл түгээ, хэн таарсан ч бай, урамгүй бүү буцаа” хэмээн энэрэнгүй дээд Тереза эх өнгөрсөн зууны дундуураас учирлаж, “жаахан анхааралтайхан шиг байгаад, анзааргатайхан ажаадахвал, аз жаргал яг дэргэд чинь, яг энэхэн агшинд чинь багтаж ядан, бялхаж байгаа шүү” хэмээн энэ цагийн их гэгээрсэн хүмүүсийн нэгэн гэгддэг Тич Нат Хан ламтан өгүүлэх ажээ.
Боловсроогүй аз жаргалыг дотроосоо эрж, боловсорсон аз жаргалыг бусаддаа түгээдэг хүний хорвоо хосгүй сайхаан!
До.Чулуунбаатар 2022. 05. 23