Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Хүүхэд бүрд ном” уриатайгаар болох юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, “Номын соёлт ертөнц” ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдөр үргэлжилнэ.
Номын баярт жилд дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог. Харин энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандсан ч зай талбайгаас шалтгаалж 200 орчим хувь хүн, албан байгууллага оролцохоор болжээ. Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх энэ жилийн “Үндэсний номын баяр”-ыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулж байгаа юм. Баярын үеэр ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, номын санд хандив өргөсөн, хөрөнгө оруулсан хувь хүн, албан байгууллагыг урамшуулж, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, урлагийн тоглолт, зохиолын баатрын дүр бүтээх парад жагсаал, номын флашмобоос гадна тэргүүний уншигч хүүхдүүдийн шилдэг бүтээл, номын тэмдэглэл, уран бичлэгийн үзэсгэлэн гаргах аж.
Түүнчлэн номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтай авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. Мөн ховор хуучин номын худалдаа ч болдог. Илүү их уншаарай…