“Алтан тэвш” гэж Богдхан уулын ширээ хэлбэртэй нэгэн оргилыг хэлдэг. Домогт өгүүлснээр Лусын охин түүний дагуул охид үүр цүүрээр нойрмоглон, нүд анилдах үед тав дахь охин хашхиран босож, хариугүй хатгах шахсан хар эрээн могойн хүзүү, сүүл хоёроос барьж тэлэн, дунд хэсгээс нь амандаа зууж, “Лусын охин, Чиний хаш цагаан орд гэрийн чинь үүдийг сахих хувьтай “Хангарьд” нь би болъё” гээд нисээд явчихаж гэнэ.
Ингэж манай Хүрээ хот Хангарьд бэлгэдэлтэй болсон гэдэг. Богдхан уулыг өндөр уулын оройгоос болон нисэх онгоцоос харвал хэвтэж байгаа Хангарьдын дүртэй ч гэдэг. Богдхан уул нь ан гөрөөндөө харамгүй ч гэлээ хулгай, худлыг өршөөдөггүй Анчин савдагтай уул гэлцдэг.
Хүрээ хотын гол гол дуган, сүм, соёлын төв хэсэг нь Чингэлтэй хайрхнаа түшсэн байдаг нь сонин. “Эрдэнийн Алтан тэвш”-ээ урд уулын оройд тавьснаас Богдхан уулын орой ширээ хэлбэртэй болсон гэнэ. Урт урьд цагаас эдүгээ хүртэл “Алтан тэвш”-ийн ар, сэрүүн Туулын дэнжид ус, рашааны шим бургилсан үзэсгэлэнт диваажингийн орон үүссэн гэнэ.
Билгүүн номч Бямбын Ринчен 1956 онд бичсэн нэгэн өгүүлэлдээ “Ханбогд уулынхаа онгон савдгийг дурдаад хотынхоо сүлд тэмдгийг Хангарьдаар хийх санал тавьж, О.Намнандорж хожим энэ асуудалд ихээхэн анхаарч, уг саналыг дэмжин дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм” хэмээн дурдсан нь бий.