БНЭУ-ын “ЭКСИМ” банкны зээлээр барьж байгуулахаар болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг анх 2021 онд ашиглалтад оруулна гэж байв. Гэвч эцэстээ энэ нь үлгэр болж 2023 онд болж хойшлогдсон ч дахиад л 2025 он болж дахин ухарсан. Тэгвэл уг асуудлыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Би толгойгоороо хариуцна” хэмээн амлалтыг өглөө.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил ямар шатанд явааг асуухад “БНЭУ-ын “Экзим” банкнаас ирсэн хураангүй жагсаалтын хүрээнд төслийн бичиг баримтыг боловсруулан хүргүүлсэн.
Ингэхдээ EPC-2 гэрээг 2021 оны дөрөвдүгээр сард, EPC-3 гэрээг 2021 оны тавдугаар сард ашиглалтад өгөхөөр тусгасан. Гэрээ ёсоор БНЭУ-ын тал 2021 оны долдугаар сараас өмнө тендер зарлах ёстой байсан боловч EPC-2 гэрээн дээр тав, EPC-3 гэрээн дээр долоон удаа хугацаа сунгах хүсэлт гаргасан. Ингээд тендерийн материалыг хүлээн авч зарласан. Гэвч ТЭЗҮ-д зааснаас өндөр үнэлгээ орж ирсэн. Тиймээс Энэтхэгийн талтай хэлэлцээр хийж байна. Одоогоор дамжуулах хоолойн тендерийн гэрээ байгуулагдсан” гэдэг мэдээлэл өгсөн юм.
Тэгвэл уг хариулт УИХ-ын дарга Г.Занданшатарт хангалттай санагдсангүй бололтой. Тиймдээ ч “Хамгийн гол нь 2024 онд энэ үйлдвэр ашиглалтад орох уу. Та үүнийг толгойгоороо хариуцах уу” гэсэн асуулт тулгав. Г.Ёндон сайд огт эргэлзэж тээнгэлзэлгүйгээр шууд л “Тийм ээ. Толгойгоороо хариуцна” гэдэг хариулт өгснөөрөө өөрийн толгойгоо Газрын тос боловсруулах үйлдвэрээр үнэллээ.