Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгуулахаар иргэн Ж.Энхбат АТГ-т ханджээ. Тэрбээр:
“Татварын Ерөнхий газрын дарга Д.Заяабалын гэмт хэргийн шинжтэй асуудлаар гомдол гаргаж байна. Учир нь Монгол Улсын эдийн засаг маш их хүндэрсэн. Хил гааль хоёр жил хаагдсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдсэн. Шатахууны үнэ маш их нэмэгдсэн. Өдөр болгон ААН-үүд дампуурлаа зарлаж байхад төрийн байгууллагын дарга нар төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Тансаглаж байна.
Тодруулбал, ТЕГ-ын дарга Д.Заяабал нь 2020 оны 12 сарын 9-ны өдөр “Анна фээшн” гэдэг компани урьдчилгаа 293 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Ажилчдынхаа хувцсыг хийлгэх, шинэчлэх зорилгоор. Ковидын хуулиар төрийн үйлчилгээний бүх байгууллага хэмнэлтийн горимд шилжиж, барилга байгууламж барихгүй, засвар шинэчлэл хийхгүй, эд хогшил худалдаж авахгүй, элдэв зүйлд төсөв мөнгө зарахгүй гээд хууль хүртэл гаргачихаад байхад ТЕГ-ын дарга нь удаа дараа, хууль зөрчиж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргалаа.
Нэгдүгээрт, тендергүй, сонгон шалгаруулалтгүй, урьдчилгаа 293 сая төгрөг шилжүүлсэн төдийгүй хоёрдугаарт, Улаанбаатарт хүүхдийн эмнэлэг хүрэлцэхгүй, ээжүүд хүүхдүүдээ эмнэлгийн шалан дээр хэвтэж байхад Сүхбаатар, Чингэлтэй, Татварын газрынханд 9 давхар барилга байгуулж барьж өгсөн нь Ковид болон хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчсөн хэрэг.
Тиймээс, би Б. Заяабалын замбараагүйтлийг шалгуулахаар АТГ-т өргөдөл өгч, гомдол гаргаж байна. Ерөнхий сайд нь эдийн засгаа сэргээхээр Шинэ сэргэлтийн бодлого гэж яриад байхад Татварын Ерөнхий газрын дарга нь ийм үрэлгэн байж болохгүй. Саяхан ТЕГ-ынхан төсвийн мөнгөөр ном гаргаж, хэвлүүлсэн. Тэр номоо албан хаагчдаараа нэг ширхэгийг нь 50 мянган төгрөгөөр заруулж байна” гэлээ.